Тэтгэврийн даатгалын сангаас 2026 оны эхний есөн сард 534 мянган хүнд ₮4.5 их наядыг олгожээ

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2026 оны эхний есөн сард 5.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 832.2 (17.2%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Тус сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 677.5 (16.3%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 72.6 (21.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин зарлага 2026 оны эхний есөн сард таван их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 651.3 (14.9%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 551.1 (13.8%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 77.2 (35.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

зураг
 
зураг
 

Тэтгэврийн даатгалын сангаас 2026 оны эхний есөн сард 534 мянган хүнд 4.5 их наяд төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс тэтгэвэр авагчид 13.6 (2.6%) мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 551.8 (13.7%) тэрбум төгрөгөөр өсжээ. Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын 80.3 хувь нь өндөр настны, 11.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 4.4 хувь нь цэргийн, 3.9 хувь нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчид байна.

зураг
 

 

Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2026 оны эхний 9 сарын байдлаар 2.4 сая хүнд 1.9 их наяд төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс хамрагдсан хүн 19.5 (0.8%) мянган хүнээр буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 90.5 (5.0%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

зураг
 

Нийгмийн халамжид хамрагдсан хүний 54.4 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж, 8.2 хувийг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тусламж хөнгөлөлт, 6.7 хувийг нийгмийн халамжийн тэтгэмж, 2.7 хувийг тэтгэвэр, 1.4 хувийг нийгмийн халамж, хөгжлийн үйлчилгээ, 26.5 хувийг бусад үйлчилгээ эзэлж байгаа юм.

зураг
 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо