Ус зайлуулах шүүр тагийг хулгайлж, төмрийн хог хаягдал авах цэгт тушаасан тохиолдол олон удаа гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авто замын борооны ус зайлуулах шүүр, тагийг хулгайлж төмрийн хог хаягдалд тушаах тохиолдол олон удаа гарчээ.

Энэ тухай Геодези, Усны Барилга Байгууламжийн Газраас "Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцан дэлгүүрийн орчимд борооны ус зайлуулах шүүр таг алга болсон тухай дуудлага, мэдээллийн дагуу шалгалт хийхэд нийт 24 ширхэг шүүр таг байхгүй болсон нь тогтоогдсон.

Алга болсон шүүр тагуудаас тодорхой тооны шүүрийг хоёрдогч түүхий эд, төмрийн хог хаягдал худалдан авдаг цэгээс олсон байна.

Шүүр таггүй болсон ус зайлуулах худаг нь явган зорчигч, жолооч, дугуйтай зорчигчдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй. Ялангуяа шөнийн цагаар болон бороо орж, ус тогтсон үед ил задгай худаг анзаарагдахгүй байх эрсдэлтэй бөгөөд улмаар хүн унах, автомашин болон дугуй нүхэнд орох зэрэг осол гарах нөхцөл бүрддэг.

Борооны ус зайлуулах шүүр таг нь нийтийн өмч. Төмрийн хог хаягдалд тушаах зорилгоор нийтийн өмчид халдах нь зөвхөн эд хөрөнгийн хохирол учруулаад зогсохгүй, иргэдийн аюулгүй байдалд шууд заналхийлж байгааг анхаарна уу" гээд сэрэмжлүүлэв.

  • Нийтийн өмчийг хамгаалах: Борооны ус зайлуулах шүүр тагийг зөвшөөрөлгүй авах, хулгайлах, гэмтээхгүй байх;
  • Шуурхай мэдээлэх: Шүүр таггүй болсон, эвдэрч гэмтсэн ус зайлуулах худаг илэрвэл тухайн байршлыг байгууллагын 7720-0200 дугаарт нэн даруй мэдэгдэх;
  • Сонор сэрэмжтэй зорчих: Авто зам болон явган хүний замаар зорчихдоо ил задгай худаг, эвдрэл гэмтлээс сэрэмжлүүлж байна.