"Оюутолгойн ногдол ашгаас ₮1 их наядыг Баялгийн санд авна гэж байгаа ч 2027 онд зарлага гэж оруулсан байгааг сонгуулийн мөнгө гэж хардаж байна"

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх оны төсвийн төсөлд Оюутолгойн ногдол ашгаас ₮3 их наядыг оруулж ирнэ гэсэн төсвийн төслийг Засгийн газраас тодорхойгүй байдлаар оруулсан учир Ардчилсан намын зүгээс үүнийг нягтлах шаардлагатай гэж үзэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.  


Тодруулбал Оюутолгойн төсөл дээр Монгол Улс 34 хувийг эзэмшдэг, Рио тинто компани 66 хувийг эзэмшдэг. ₮3 их наядын ногдол ашиг авна гэвэл ойролцоогоор 66 хувийн эзэмшдэг Рио тинто компани ₮6 их наядын ногдол ашиг авахаар байгаа ба Оюутолгой компани санхүүгийн нөхцөл байдлын хувьд ₮9 их наядыг 2026 оны ашгаасаа тараах боломжтой юу гэдгийг асуух ёстой гэв. 

Учир нь хэлэлцээр болон гэрээгээр Монгол Улс 2035 онд ногдол ашиг авч, өгөөж хүртэж эхэлнэ гэсэн ч одоо ашиг авах асуудал яригдаж байгаа нь ирээдүйд бидэнд дарамт үүсгэх эсэхийг нягтлах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Энэ талаар хариулт авахыг хүссэн ч Засгийн Газраас тодорхой хариулт хэлэхгүй байгаа ба Сангийн яамнаас хэлэлцээр хараахан дуусаагүй байгаа, урьдчилсан байдлаар тохиролцсон гэх аман тайлбарыг хэлж байна гэв. 

"Байгалын баялгийн орлого нь ганц өнөөдрийн Засгийн Газрын зарцуулах мөнгө биш. Ирээдүйд зарцуулах ёстой" 

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн "Засгийн газар ирээдүйн орлогоосоо өнөөдрийн төсвийн дутагдалтай хэсгээ нөхөхөд зориулж урьдчилж авч байгааг буруу гэж үзэж байна. Байгалын баялгийн орлого нь ганц өнөөдрийн Засгийн Газрын зарцуулах мөнгө биш ирээдүйд хуримтлал үүсгэх, эдийн засгаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой орлого байх учиртай. Гэтэл өнөөдөр төсвийн төсөөлөлд ₮2 их наядыг нь зарцуулна, ₮1 их наядыг нь Баялгийн сан руу хуваарилна гээд оруулаад ирсэн байна. 

Мөн нэг ноцтой зүйл нь Баялгийн санд ₮1 их наядыг орлого гээд оруулаад ирчихсэн байгаа боловч 2027 онд зарлага гээд тодорхойгүй байдлаар буюу яг юунд зарцуулахаа нуувч хэлбэрээр оруулсан байна. Энэ нь ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах зүйлийг Засгийн Газар төлөвлөж байна уу гэж хардаж байна" гэв.