СУДАЛГАА: 2030 он гэхэд математик, байгалийн ухааны багш хамгийн хэрэгцээтэй байх бол нийгэм судлал, биеийн тамирын багш илүүднэ

Б.Бадамгарав, IKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Боловсролын салбарын төсөв" хэлэлцүүлэг Багшийн тоон болон чанарын хомсдол сэдвийн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир багшийн сул орон тоо, багш бэлтгэх тогтолцооны талаарх мэдээллийг танилцуулав.

Тэрбээр "Ерөнхий боловсролын сургуульд жил бүр 20-30 мянган хүүхэд нэмэгдэж байна. 60 орчим хувь нь нийслэлийн сургуулиудад элсдэг тул хүүхдийн тооны ачааллаас хамаарч багшийн сул орон тоо үүсэж байна. Нийт үүсэж буй сул орон тооны 76 хувь нь хүүхэд асрах чөлөө, тэтгэвэрт гарах болон шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор бий болдог. Үлдсэн нь шинэ ажлын байр.

зураг
 

2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 716 сургуульд нийт 3,954 сул орон тоо гарсан. Нэг сургуульд дунджаар 5-6 сул орон бий болж байгаа. Нийслэлд сул орон тоо хамгийн их үүсдэг ч хамгийн түргэн нөхөгддөг.

Бүсээр нь авч үзвэл говийн бүсийн сургуулиудад сул орон тоо хамгийн их үүсдэг. Хамгийн бага сул орон тоо гардаг нь баруун бүс. Баруун бүсэд багшийн сургууль байдаг нь давуу тал болж байгаа. 2023 оны үүсэж байсан сул орон тоог 2025 онд үүссэнтэй харьцуулахад бүх бүсэд буурсан.

Судлагдахуунаар нь авч үзвэл математик, физик, мэдээлэл зүй, орос хэлний багшийн сул орон тоог өссөн бол бусад судлагдахуун дээр сул орон тоо үүсэх нь цөөрлөө" гэв.

Түүнчлэн Боловсролын Яамнаас 2030 он хүртэлх урьдчилсан төлөвийн судалгааг хийж үзэхэд багшийн хэрэгцээ хамгийн их үүсэх нь хичээлүүд нь зураг, технологи, математик, хими, физик, орос хэл байжээ. Харин нийгэм судлал, бага анги, хөгжим, биеийн тамир, сургуулийн өмнөх боловсрол дээр багш илүүдэх төлөв гарсан байна. 

зураг
 

Энэ талаар Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "2029-2030 он хүртэл ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн тоо өсөх бол сургуулийн өмнөх, бага боловсрол дээр хүүхдийн тоо тогтмол буурч байна. Иймд бага болон сургуулийн өмнөх боловсрол дээр багшийн орон тоо тогтворжино. 

2025 онд зургаан настай 79.5 мянган хүүхэд сургуульд орсон бол 2030 онд 59.3 мянга болж буурч байна. Иймд бага боловсрол, гоо зүйн хичээлүүдэд багшийн дутагдал ойрын таван жилд ажиглагдахгүй" хэмээв.

Түүнчлэн тэрбээр багш бэлтгэх тогтолцооны тухайд "Боловсролын хуулийн өөрчлөлтийн нөлөөгөөр багшийн мэргэжлийг сонгон сурах оюутны тоо нэмэгдсэн сайн үр дүн гарсан. 2025-2026 оны хичээлийн жилд 5,820 оюутан шинээр элслээ. Энэ нь өмнөх оноосоо 22 хувь нэмэгдсэн дүн. Багш мэргэжлээр төгсөж байгаа тоо болон үүсэж буй орон тоог харьцуулахад байгалийн ухаан, технологи, мэдээлэл зүйгээс бусад судалгдахуун дээр тэнцвэртэй болж байна. Бэлтгэгдэж байгаа залуусын тоо нь сул орон тооноосоо давж эхэлж байгаа" гэв.

зураг