"Ирэх оны 11 дүгээр сард BYD группийн нийтийн тээврийг туршилтаар явуулахыг зорьж байна. Төслийг Ж.Батбаясгалан удирдана"
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх санамж бичгийг “BYD Company Limited”-тэй байгуулаад буй.
Санамж бичгийн хүрээнд нийслэлийн Засаг дарга BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзаж, төслийн ТЭЗҮ-ийг энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцсон байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Миний ахлах зөвлөх, НЗД, НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгалан уг төслийг хариуцаж ажиллана.
Энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор зураг төслийн ажлыг дуусгана. 2027 оны гуравдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлж, тухайн оны 11 дүгээр сард батарейд суурилсан нийтийн тээврийг туршилтаар явуулахыг зорьж байна.
Төслийг сонгон шалгаруулалт эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх үү гэсэн хувилбаруудыг сонгож, хэрэгжүүлнэ” гэлээ.
BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан "Бидний уулзалт бүрд алхам алхмаар үр дүн гарч, хамтын ажиллагааны шатандаа орлоо" хэмээв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм байна. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.
“BYD Company Limited” компани нь цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд нийт 17 сая гаруй цахилгаан автомашин борлуулжээ. Тус компани нь цахилгаан автомашиныг 9 минутад бүрэн цэнэглэх станцыг 2026 онд БНХАУ-д 20 мянган ширхэг барих ажлыг энэ оны зургаадугаар сард эхлүүлж, одоогоор 7 мянган ширхгийг барьжээ.
Харин “Вlade Battery” технологид суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг БНХАУ-ын 10 хот, Бразил Улсын Сан Паулу хотод нэвтрүүлсэн туршлагатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

