Д.Болд: "Улаан шугам" буюу IX анги төгсөхөд шалгуур тавьж, X ангид оруулдаг байсныг ямар нэгэн байдлаар сэргээж өгөөч
"Боловсролын салбарын төсөв" хэлэлцүүлэг Багшийн тоон болон чанарын хомсдол сэдвийн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлэгт багш, сургалтын менежер, сургуулийн захирлууд өөрсдийн байр суурийг илэрхийлж, тулгамдсан асуудлуудаа ярилцацгаав.
Энэ үеэр "Эрдмийн хөтөч" сургуулийн захирал Д.Болд "Багш хомсдох шалтгаан нь үндсэн цалин байсан. Цаашид багш мэргэжлийн үндсэн суурь цалинг төрийн үйлчилгээний албаны нийтлэг жишгээс арай өндөр тогтоон шилдгүүд ирдэг байсан тэр үеийг авчрах хэрэгтэй байна. Багш нар ажил хаясны дараа цалинг нь нэмэхдээ дагаад төрийн албыг тэр чигт нь нэмдэг. Төр боловсролын салбараа өндөр үнэлж, суурь цалинг нь өндөр тогтоомоор байна. Сайд солигдохоос үл шалтгаалан багш мэргэжлийн цалин өндөр байгаасай. Ингэвэл сайн багштай болно.
Багшийн сул орон тооны мэдээлэл харахад технологийн багш дутагдана гэжээ. Технологийн хичээлийг эрэгтэй, эмэгтэй сурагчдад тусад нь заах шаардлага бий юу? Бүх хүн тогооч хийж чадна, бүх хүн юм оёж чадна. Багшийн орон тоо, бүтцийг хэмнэхэд чухал учир под группээр хичээллэж буй хичээлүүдийн задаргаа дээр яам анхаараасай.
Социализмын үед "Улаан шугам" гэж нэрлэдэг байсан. Есдүгээр анги төгссөн хүүхдүүдэд шалгуур тавьж, аравдугаар ангид элсүүлдэг байсныг ямар нэгэн байдлаар сэргээж өгөхийг хүсэж байна. Сэргээвэл багшийн ачаалал, боловсролын хүртээмж зэрэг олон зүйлд эерэг нөлөөтэй болно.
Багшийг чанаржуулахын тулд үндсэн үйл ажиллагаатай холбоотой тушаал шийдвэр гаргаж өгнө үү. 2000-аад оны эхэн үед багшийн хичээл бэлтгэлийг хийлгэхгүй болчихсон. Талхчин хүн талхаа барихдаа орцоо бэлддэг шиг багш хүн заах гэж байгаа хичээлийн бэлтгэлээ хангадаг байх ёстой. Гэтэл тийм зүйлгүй яваад байгаа" гэв.
Харин түүний энэхүү саналд Нийслэлийн Боловсролын Газар(НБГ)-ын дарга Б.Амартүвшин "Орчин үед ингэж болохгүй. Шалгалт авч жагсаагаад үлдсэн хүүхдүүдээ яах вэ? Сонголтоор нь явуулна. Сонголтыг нь өгөхгүйгээр хүчилж болохгүй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
