Трампын зарласан гал зогсоох тохиролцоо нуран унаж, Оросын газрын тосны салбарт Украины цохилтууд үргэлжилж эхэллээ
АНУ-ын хүсэлтээр түр зогсоогоод байсан Оросын газрын тосны дэд бүтцийг чиглэсэн агаарын цохилтоо сэргээж байгааг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр буюу Пүрэв гарагт зарлажээ.
Түүний мэдэгдлийн дараахан Оросын тал Рязань муж дахь газрын тос боловсруулах үйлдвэр нь Украины цохилтод өртсөн талаар мэдээлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Ням гарагт дайтагч талуудын эрчим хүчний салбарт түр гал зогсоох тохиролцоонд хүрснийг зарласан ч Оросын тал цохилтуудаа үргэлжлүүлсээр байсан юм. Зеленский бас ийм тохиролцооны талаар Трампын сошиал хуудсандаа бичсэн мэдэгдлээс анх удаа сонсож байгаагаа хэлж байв. Гэхдээ тэр Оросын тал хэрвээ уг тохиролцоог хэрэгжүүлбэл дагахад бэлэн байгаагаа мэдэгдэж байлаа.
Харин өчигдөр тэр Трампын тохиролцооны дагуу гурав хоног зогсоогоод байсан Украины агаарын цохилт сэргэж байгааг Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Өмнө нь Зеленский мөн Украиныг агаарын цохилтоо зогсооход шахалт үзүүлэхийн тулд АНУ-ын засаг захиргаа Старлинк хиймэл дагуулын холбооны системийн ажиллагааг хязгаарлаж, тагнуулын мэдээлэл солилцохоо больсон гэж буруутгаж байв.
Гэхдээ Украины батлан хамгаалах эх сурвалжуудын хожим мэдээлснээр Старлинк хиймэл дагуулын үйлчилгээний хязгаарлагдаад байсан функцүүд дахин сэргэсэн гэнэ.
Ингэж хязгаарласан нь SpaceX компанид хамаагүй, харин АНУ-ын засаг захиргааны мэдэх хэрэг болохыг Илон Маск мэдэгдэж байв.
Харин Трамп ийм шийдвэр гаргаснаа үгүйсгэж байлаа.
Пүрэв гарагийн өглөө Оросын өмнөд хязгаарт орших газрын тос боловсруулах үйлдвэрт Украины тал "томоохон хэмжээний халдлага хийхийг оролдсон" гэж Кремлийн эрх баригчид мэдэгдсэн юм.
Оросын батлан хамгаалах яамны мэдээлснээр дөрвөн пуужин, хэдэн арван нисгэгчгүй онгоцыг устгасан бөгөөд тэдгээрийн унасан сэг Рязань дахь боловсруулах үйлдвэрт гал түймэр гаргасан гэнэ.
Пүрэв гарагт бас Румыний тэнгисийн цэргийн албаныхны мэдээлснээр Хар тэнгисийн баруун хэсэгт зорчиж яваад нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөн химийн тээвэрлэгч хөлөг галд өртсөний дараа долоон хүн сураггүй алга болжээ.
Оросын тал энэ өдөр Украины Одесса боомтын чиглэлд зорчиж байсан цэргийн ачаатай хоёр хөлөг онгоцонд довтолсноо баталсан ч тэдгээрийн нэрийг дурдаагүй байна.
Конгрессын завсрын сонгуульд нам нь ялагдах эрсдэлтэй болоод байгаа Трамп сүүлийн өдрүүдэд Оросын дизель түлшний хоригийг цуцалж, худалдаж авах, тус улсын газрын тосны үйлдвэрүүдийг Украины агаарын цохилтоос хамгаалахын тулд Киевийн эрх баригчдад дарамт шахалт үзүүлж эхлээд байгаа.
Лхагва гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зеленский үүнийг “АНУ өөрөөс нь урвасан” мэт сэтгэгдэл төрүүлж байгааг хэлсэн юм.
Харин Европын удирдагчид Украины ерөнхийлөгчийг тойрон нэгдэж байна.
Италийн батлан хамгаалахын сайд Гвидо Кросетто BBC-д өгсөн ярилцлагадаа АНУ-ын засаг захиргаа Киевтэй тагнуулын мэдээлэл солилцохоо хязгаарласан нь "том алдаа" болохыг мэдэгджээ.
"Учир нь энэ бол дэмжлэгийн чухал хэлбэр юм. Энэ нь тухайн улсыг өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болгож байна гэсэн үг. Путин мухардалд орсон гэдэгт... цаашид урагшлах боломжгүй гэдэгтээ итгэсэн үед энх тайван тогтоно. Гэхдээ хэрэв тэр Украины фронтод сул тал байгааг олж харвал, хэрэв АНУ уг нөөцийг булааж авбал Путин ялж чадна гэдэгтээ итгэж, дайныг үргэлжлүүлэх болно” гэж тэр хэлсэн байна.
Зеленский Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа АНУ-ын түншүүд нь Украины албан тушаалтнуудад "хэрэв та нар цохилтоо зогсоохгүй бол бид тагнуулын мэдээллээ хаах болно" гэж хэлснийг баталжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

