Хүний биед халдах 763 удаагийн зөрчил бүртгэгджээ

П.Сайнжаргал, IKON.MN
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.3 дахин өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс 709,503 зөрчил нь өнгөрсөн долоодугаар сард шинээр бүртгэгдсэнийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээлэв. 

Долдугаар сард бүртгэгдсэн зөрчлийн

  • 88.4 хувь нь нийслэлд,
  • 11.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 97.7 хувийг газар дээр нь, 0.8 хувийг хялбаршуулсан журмаар, 0.1 хувьд нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан бол 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 

зураг
 

Энэ оны долоодугаар сард зөрчил үйлдсэн 670,187 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 21 хувиар, 31,914 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь 17.8 хувиар тус тус буурчээ.

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийн 77.9 хувь нь эрэгтэй, 22.1 хувь эмэгтэй, 28 хувь нь 36-45 насны хүмүүс байна. 

Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр нийтийн ашиг сонирхолд 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. 

Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай харьцуулахад: 

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 681,956 бүртгэгдсэн нь 20.3 хувиар,
  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 10,414 бүртгэгдсэн нь 5.1 хувиар,
  • Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 2199 бүртгэгдсэн нь 26.4 хувиар,
  • Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 2,041 бүртгэгдсэн нь 34.7 хувиар,
  • Хүний биед халдах зөрчил 763 бүртгэгдсэн нь 11.9 хувиар тус тус буурсан байна.