"Монголын соёл, ахуй зэрэг нийгмийн бүхий л талбарт оруулсан хувь нэмрийг нь авч үзвэл Д.Нацагдорж нь ШИНЭЧЛЭГЧ байсан"

Б.Мөнхтуяа, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейд өчигдөр зохион байгууллаа. 

Тус хурлын онцлог болон “Нацагдорж судлал”-ын зорилт, үнэт зүйлсийн тухай Шинжлэх Ухааны Академи(ШУА)-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол судлалын салбарын эрхлэгч, соёл судлалын ухааны доктор А.Алимаа "Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн ойг улс даяар тэмдэглэх тухай тогтоолын дагуу ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улсыг оролцуулаад нийтдээ найман орны судлаач, шинжээчид оролцож байна.

Д.Нацагдорж нь дан ганц зохиол бүтээл бичдэг зохиолч биш Монголын нийгэм, соёл, ахуй, ухамсар гэхчлэн нийгмийн бүхий л талбарт оруулсан хувь нэмрийг нь авч үзэхэд тэр бол ШИНЭЧЛЭГЧ байсан гэдгийг олон нийтэд таниулах, цаашид илүүтэй судлах зорилгоос бидний үйл ажиллагаа биеллээ олоод явж байна.

Энэ хурлын онцлог нь бид магистр, доктор гэж мэргэжлийн зэргээр шалгуур тавилгүй, ирүүлсэн бүтээл бүрийг үзээд шинэлэг сонирхолтой өнцгийг гаргаж ирсэн залуучуудыг дэмжих “Нацагдорж судлал”-ыг үргэлжлүүлэх дараагийн үеийг бэлтгэх хүрээнд залуу илтгэгчдийг түлхүү оролцуулсан" гэж байв.

Мөн их зохиолч Д.Нацагдоржийн намтартай холбоотой холбогдох эд өлгийн зүйлсээс бүрдсэн үзэсгэлэн нээгдсэн бөгөөд олон сонирхолтой үзвэрүүд дундаас онцлох нэгэн үзмэр нь "Folklore" буюу аман зохиол хэмээх шинжлэх ухааны зарчмаар хээрийн судалгаа хийж явсан үеийнх нь тэмдэглэл бүхий латин, орос, герман хэл дээр бичигдсэн дэвтэр байлаа. Энэхүү дэвтэрт "Бөөгийн хэмнэл бол нэг ингэж дугардаг юм байна аа, энэ нь миний шүлгийн хэмнэлтэй адилхан байна" гэхчлэн сонирхолтой ажиглалтууд, өөрийнх нь зурсан зургууд, тэр бүү хэл бүтэн зохиол, найраглалын төлөвлөгөө бичигдсэн байдаг гэдгийг доктор А.Алимаа тодотгосон.

Монголын Зохиолчдын Эвлэл, Архивын Ерөнхий Газар, Монгол Улсын Үндэсний Номын Сан, ШУА зэрэг байгууллагын хамтарсан уг үзэсгэлэн энэ сарын 13-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй иргэдэд нээлттэй үйлчлэхээр болсон байна.

Ташрамд дурдахад ШУА, Монгол Улсын Боловсролын Их Сургууль хамтран дунд ангийн сурагчдын уран зохиолын хичээлээр унших үндсэн номын жагсаалтыг боловсруулж байгаа аж. Уг жагсаалтад орчин үеийн Монголын утга зохиолын суурийг тавьсан Д.Нацагдоржийн зохиол бүтээлүүдээс багтааж байгааг ШУА-ийн Хэл уран зохиолын хүрээлэнгээс мэдээлсэн юм.