"Зарим иргэн машины банк нь нэлээд бензинтэй байгаа хэрнээ ₮10,000-аар нэмж дүүргэхээр оочер үүсгэж байна"
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ) болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд шатахууны нөхцөл байдал болон татан авалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОХУ-аас 33 вагон АИ-92 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэгдэж, Улаанбаатар хотод 155 шатахуун түгээх станц, орон нутгийн 70 шатахуун станцад түгээлт хийсэн байгаа юм. Мөн шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа гэв.
Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр татварын байгууллагаас шатахуун хэрэглэгчийн судалгааг танилцууллаа.
Татварын байгууллагын төлөөлөл "Энэ сарын 6-ны өдрийн байдлаар үнийн интервалаар яривал нийт 11,000 хэрэглэгч 10-40 мянган төгрөгийн хооронд шатахуун худалдсан авсан. 50,000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр 40 гаруй мянган иргэн шатахуун худалдан авсан байна.
Судалгаагаар ажиглагдаж буй зүйл нь давтан авалтын тоо маш их байна. Жолооч нэг шатахуун станц дээр оочерлож байгаад дараагийнх дээр дахин оочерлож буй тохиолдол нийт хэрэглэгчийн 40 хувийг эзэлсэн.
Зарим иргэн 10,000 төгрөгөөр худалдан авалт хийж байгаа буюу машины банк нь нэлээд бензинтэй байгаа хэрнээ нэмж дүүргэж дахин дахин оочер үүсгэж байна.
Өдөрт 1,500 хүн 10,000 төгрөгийн шатахуун худалдан авч байгаа нь хиймэл түгжрэлийг үүсгэдэг. Штабаас гаргасан 50,000 төгрөгийн хэрэглээнээс гадна дахин худалдан авч, оочер дугаар үүсгэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
