Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор яамны газрын даргад ₮590 саяын хахууль өгсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллагаас энэ сарын 15-19-нийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,644 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,648 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 840 хэрэг шинээр нээж, 464 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198,
- Өмчлөх эрхийн эсрэг 134,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 78,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 14,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг зургаа,
- Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тав,
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр дөрөв,
- Авлигын эсрэг гурав,
- Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг болон соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүр хоёр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тухайлбал, Н.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн үеэл дүүгээр дамжуулан ... яамны ... газрын дарга Б.Д-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 590 сая төгрөгийн хахууль, мөн татварын хяналт шалгалт хийж байгаатай нь холбогдуулан татварын улсын байцаагч Д.Н-д 40 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
