Дулааны тавдугаар станцыг барих талбайн үнсийг зөөх ажил 10 гаруй хувьтай үргэлжилж байгааг мэдээлэв
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сард эхлээд буй. Энэ хүрээнд ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөж байгаа бөгөөд одоогийн байдлаар 102,975 м.куб үнсийг зөөжээ. Үнс зөөх ажил 10.3 хувьтай үргэлжилж, бетон зуурмагийн ажлууд болох зуурмагийн узелийн туузан дамжуулагчийн суурь, бункерийн суурь, авто жингийн суурийн ажлууд хийгдэж дууссан гэж төсөл хариуцсан албаныхан мэдээлэв.
26 нэгж талбараас 25 нэгж талбарын газрыг чөлөөлсөн бол төслийн талбайд инженер-геологи, геотехникийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторыг захиалжээ.
Төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд түншлэлийн нийт хугацаа нь 27 жил. Үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх аж. Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-д тусгасан байна.
Түншлэлийн хүрээнд 2х150МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга, байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дагалдах хяналт удирдлагын систем болон станцын бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц, шугам сүлжээ, туслах байгууламж болон дагалдах барилга байгууламжуудыг барихаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
