Охиныхоо зурсан зургийн улмаас шоронд хоригдож байсан Оросын иргэн Франц улсад цагаачилжээ
Охиныхоо зурсан Украины дайныг эсэргүүцсэн утгатай зургийн улмаас шоронд хоригдож байсан Оросын иргэн Франц улсад цагаачилжээ.
Алексей Москалёв 2023 оны гуравдугаар сард Оросын армийн нэр хүндийг унагасан хэргээр Тула мужийн шүүхээс шоронд хоригдох ял сонсож байв.
Түүнийг хоригдсоны дараа охин Марияг нь асрамжийн газарт шилжүүлж, сүүлд салсан ээжид нь шилжүүлэн өгч байжээ.
2024 оны аравдугаар сард шоронгоос суллагдсаныхаа дараа Москалёв охины хамт Армени улс руу дүрвэсэн байна.
Тэндээсээ Москалёв болон түүний 17 настай охин Мария нар Герман улсаас хүмүүнлэгийн виз авахаар хөөцөлдөж эхэлжээ.
Гэвч Оросын эрх баригчид тэдэнд паспорт гаргаж өгөөгүй тул олон улсын хууль зүйн InTransit байгууллагаас тусламж хүссэн юм байна.
Франц нь паспортгүй Оросын иргэдэд хүмүүнлэгийн виз олгодог Европын Холбооны цорын ганц гишүүн улс юм.
Францын гадаад хэргийн яам өнгөрсөн сард тэдний хүсэлтийг баталж, Мягмар гарагт визийг нь олгожээ.
Тэгвэл InTransit байгууллага Москалёв, түүний охин Мария нар Пүрэв гарагт Франц улсад ирснийг мэдээлсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
