20 орчим аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх сав барих хүсэлтээ ирүүлжээ
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд нөөцийн сав барихад нь зориулж зээл олгохоор болж буй.
Одоогоор 20 орчим аж ахуйн нэгж нөөцийн сав барих хүсэлтээ Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-нд ирүүлжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 17 банк болон Монголбанктай уулзсан. Банкууд өөрийн эх үүсвэрээр 500 орчим тэрбум төгрөг гаргах боломжтойгоо илэрхийлсний зэрэгцээ зээл олгоход тавих шаардлагыг салбарын яамнаас гаргаж өгөхийг хүссэн.
Манай яамнаас банкуудтай зөвлөлдөж, аж ахуйн нэгжүүдээс санал авсны дараа зөвлөмж гаргаж, Монголбанканд хүргүүлнэ. Одоогоор 20 орчим аж ахуйн нэгж сав барих хүсэлтээ ирүүлээд байгаа. Үүнээс нэмэгдэхгүй болов уу гэж бодож байна. Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд банкуудад зөвлөмжөө өгнө" гэв.
Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лхагва гарагт мэдээлэл өгөхдөө "Арилжааны банкууд зээлээ зөв зарцуулах, ажлаа хийж чадах айлуудыг сонгоод зээл олгоход нь бидний зүгээс улсын төсөвт суулгуулж чадсан 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг олгоно. 1-1.5 жилийн хугацаанд дотоодын хадгалах хүчин чадлаа нэг сарын хугацаагаар нэмэгдүүлнэ" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
