Г.Дамдинням: Монгол Улсын төсвөөс гадаад улсад шатахууны нөөцийн сав суулга барихгүй. Харин түрээсэлнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай яамнаас оны өмнө шатахууны нөөцийн савтай болох тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ Баасан гарагт Монгол Улсын аль бүс нутагт хэдий хэмжээний шатахууны сав барих вэ гэдгээ зарлана. Үүний дараа аж ахуйн нэгжүүдээс материалыг нь хүлээж аваад арилжааны банкуудад хүргэнэ. Арилжааны банкууд зээлээ зөв зарцуулах, ажлаа хийж чадах айлуудыг сонгоод зээл олгоход нь бидний зүгээс улсын төсөвт суулгуулж чадсан 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг олгоно.

1-1.5 жилийн хугацаанд дотоодын хадгалах хүчин чадлаа нэг сарын хугацаагаар нэмэгдүүлнэ.

Энд нэг зүйлийг онцлон хэлье. Зарим хэсэг хүн буруу ойлголт өгөх гээд хичээгээд байх шиг байна. Монгол Улсын төсвөөс гадаад улс оронд сав суулга барих ямар ч үйлдэл хийгээгүй, хийнэ гэж яриагүй.

Харин шатахууны нөөцийн сав барих хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд дэлхийн ертөнцийн эрс өөрчлөлттэй байгаа энэ үед ОХУ-ын манай улстай хиллэдэг бүс нутгуудад боломжит савыг яаралтайгаар түрээсэлж, нэг ч гэсэн сарын нөөцөө хадгалж байя. Үүнтэй холбоотой түрээсийн асуудал яригдаж байгаа. ОХУ-ын тал өөрсдөө шатахуун нөөцлөх шаардлагатай байгаа ч бидний хүсэлтийг чухлаар хүлээн авч боломж гаргаж өгнө гэдэг байр суурь илэрхийлсэн. 

Оны өмнө 60 мянган тонн АИ92-ыг 705 ам.доллароор авах гэрээгээ сунгаж чадсан. Манай улс сард 80 мянган тонн шатахуун хэрэглэдэг. 20 мянган тонн нь евро5 төрлийн бүтээгдэхүүн. Цаана нь байгаа дизель түлшний асуудал зах зээлийн үнээс хамаарна. Дэлхийн түүхий нефтийн 20 хувийг тээвэрлэж өнгөрүүлдэг Ормузын хоолой дахь нөхцөл байдал хэвийн болбол үнэ хэвээр байна” гэлээ.