Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниудын хамгийн өндөр цалинтай захирал сард ₮30 сая авдаг. ЭТТ, МИАТ-ийн цалин салбарын дунджаас өндөр байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр болж, Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэл хийх талаар танилцуулга сонссон байна. 

Хуралдааны дараа Засгийн газраас тус асуудалтай холбоотой ямар шийдвэр гаргасан талаар танилцуулж, хэвлэлийн хурал зохион байгуулав.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг арилгах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд нэр бүхий 17 компанийг цөөлөх, 9 компани дээр бүтцийн өөрчлөлт хийж нэгтгэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Тухайлбал Монголын үнэт цаасны клирингийн төвийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй нэгтгэх, Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвийн бүтцийн өөрчлөлт хийх, Баруун бүсийн эрчим хүчний систем болон Алтай Улиастайн эрчим хүчний системийг Цахилгаан дамжуулах үндэсний системтэй нэгтгэх санал танилцуулсан. 

Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой 109 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнд 109 компанийг 87 болгож цөөлнө. 

Мөн нэр бүхий 9 компанийг татан буулгаж, нэгтгэн нийлүүлэх ажиллагааг зохион байгуулна. Тухайлбал Автоимпекс компанийн шүүхийн маргаантай асуудлыг Сангийн яамтай эцэслэн шийдээд төрийн мэдлийн хувьцааг худалдана. “Эрдэнэт медикал” эмнэлгийг зүүн бүсийн хавдрын оношилгооны дэд болгохоор шийдвэрлэлээ" гэлээ.

"Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монгол, Хөдөө аж ахуйн бирж, Миат зэрэг компанийн захирлуудын цалин улсын болон салбарын дунджаас өндөр байна"

Үргэлжлүүлэн тэрбээр "Төрийн өмчит компаниудын захирлын хангамжийн асуудал нийгэмд маш их шүүмжлэлд өртдөг. Компанийн ашиг орлогод нийцсэн цалин урамшууллын системийг хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээнд олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, аргачлалыг боловсруулж байна. 

Ерөнхийдөө төрийн өмчит компаниудын цалингийн судалгааг хийж үзээд, үндсэн цалинг өндөр биш, жилийн эцэст ажлын үр дүнгээр урамшуулалд тулгуурлаж шинэчлэхийг Засгийн газарт урьдчилсан байдлаар танилцуулсан.

Төрийн өмчит компаниудын хамгийн өндөр цалинтай захирал сард 30 сая төгрөг авч байна. Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монгол, Хөдөө аж ахуйн бирж, Миат зэрэг компанийн захирлуудын цалин улсын болон салбарын дунджаас өндөр байна.

Мөн Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо, Монгол кино нэгтгэл, Мэдээлэл холбооны сүлжээ, Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын төв гэх мэт байгууллагын сарын дундаж цалин 900,000-1,400,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна" хэмээн мэдээлэл өгөв. 

"300, 400 хүний томилгоо явагдаагүй. АН-аас 28, ХҮН-аас 26 хүний томилгоо хийгдсэн"

Харин төрийн өмчит компаниудад томилогдсон бүтээмжийн менежерийн талаар тэрбээр "Өмнөх Засгийн газрын үед бүтээмж болон хяналтын менежерийн ажлыг хэрэгжүүлж байсан.

Хамтарсан Засгийн газар байгуулагдаж байгаа учраас АН, ХҮН-аас ийм санал тавиад төрийн өмчит компани дээр хяналт, бүтээмжийн чиглэлээр хяналт тавих, алдаа оноог хажуугаас нь хэлж өгье гэдэг үүднээс энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн. 300, 400 хүний томилгоо явагдаагүй. АН-аас 28, ХҮН-аас 26 хүний томилгоо хийгдсэн. Одоогоор энэхүү арга хэмжээ зогссон. Төрийн өмчит компаниуд дээр ойролцоогоор 59 мянган хүн ажиллаж байгаа" гэв.