Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"ЦУОШГ-ын 63 удирдлагыг цомхотгосон. Байгаль хамгаалагч зэрэг дутагдалтай байгаа орон тоонд шилжиж ажиллах боломжоор нь хангана"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа орон нутаг дахь ус цаг уурын ажилтнуудын цомхотголын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга мэдээлэл өглөө. 

2025 оны төсвийн тодотголоор орон тоо цалингийн санг 9 хувиар цомхотгосон. Улмаар тус байгууллагын 2025 оны батлагдсан төсөв ₮80.4 тэрбум байснаас ₮ 74.3 тэрбум болсон байна. Уг цомхотголын хүрээнд ЦУОШГ-ын 1,893 алба хаагч 171-ээр цөөрчээ. 

Үүнтэй холбогдуулан хэрхэн бүтцийн өөрчлөлт хийсэн талаараа тэрбээр "Эхний ээлжид бүх 21 аймгуудын төвүүдийн саналуудыг авсан. Тус санал дээр үндэслэн долоо хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сар гаран ажиллан зургаан удаа хуралдахдаа дараах зарчмуудыг баримталсан. 

1. Улсын хэмжээнд 134 цаг уурын өртөөнд зарим аймагт таван хүнтэй нэгж, зарим сумд нэг хүнтэй харуул ажилладаг. Иймд анхан шатны нэгжийн ажилтны тоог цөөрүүлэхгүй байх гэсэн зарчмыг барьсан. Улмаар зарим нэг өртөөг харуул болгож хүнийх нь тоог цөөлөх, зарим усны харуулуудын тоог багасгах шийдвэр гаргасан. 
2. Мөн удирдах албан тушаалтны тоог цөөлсөн. Төв болгон гурван хэлтсийн даргатай үйл ажиллагаа явуулдаг байсныг зөвхөн төвийн даргатай үлдээж төв болгоны гурван хэлтсийн даргыг цомхотгосон. Улмаар нийт 63 удирдах албан тушаалтан цомхотголд орсон. Тодруулбал нийт цомхотголд орсон 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан юм гэв. 
3. Бүх төвүүдийн бүтэц адилхан байх ёстой.  Зарим нэг аймгийн төвүүд бусдаасаа их ялгаатай орон тоотой ажиллаж байсныг жигдэлсэн. Бүх 21 аймгийн төвүүдийн нэгтгэж болох албан тушаалуудыг нэгтгэсэн. Жишээлбэл хүний нөөц, бичиг хэргийг нэгтгэх. Нярав, байгууллагын архив хоёрыг нэг хүн хийх зэргээр нэгтгэсэн. 
4. Ус цаг уурын газрууд ганц цаг уурын мэдээ явуулж хэмжилт хийдэг. Гэтэл бүх байгууллагуудын дэргэд байгаль орчны хэмжил зүйн лабораториуд ажилладаг. Бүх лаборатори гурван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Бүтцэд өөрчлөлт оруулаагүй" гэв. 

Цаашид цаг уур, орчны шинжилгээний салбар илүү технологид суурилсан салбар болж хөгжих ёстой учир есдүгээр сарын 5-ны өдөр дараагийн үеийн супер компьютерыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэж байгаа аж. Мөн  энэ онд 17 байршилд автомат усны харуулуудыг хийхээр болжээ.

Түүнчлэн цомхотголд орсон алба хаагчдыг салбартаа шилжиж ажиллах боломжоор хангахаар ажиллаж байгаа аж. Тухайлбал зарим нэг газарт байгаль хамгаалагч, нарийн шинжлэх ухааны мэдлэг шаардсан ажлуудад хүн хүч дутмаг байдаг гэв.