СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон голд сэлэхээр ороод живсэн иргэн амиа алдсан байсныг осолдсон газраас нь 60 км-ийн зайнаас олжээ
Дархан-Уул аймгийн Орхон сум Энхтал багийн Хясаа гэдэг газар дөрвөн хүн Орхон голын эрэг дээр амарч байснаас иргэн Л нь голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг онцгой байдлын алба наймдугаар сарын 2-ны 17:20 цагт хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, наймдугаар сарын 5-ны өдрийн 09:57 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт усаараа 60 км-т, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Иймд ард иргэд та бүхэн баяр наадмын өдрүүдээр аялал зугаалгаар явж байхдаа:
- Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж
- Голын сайр, эрэг дагуух газар буудаллаж хоноглохгүй байх
- Стандартын бус завь, хийлдэг гудас ашиглаж гол нуурын усанд сэлж амарч зугаацахгүй байхыг тус газраас онцгойлон анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
