АНУ-ын нөөцөөс Украинд нийлүүлэх зэвсэг худалдаж авах эхний улс Нидерланд болжээ.
Тус улс эхний ээлжид 500 сая еврогийн зэр зэвсэг худалдаж авахаар захиалсныг батлан хамгаалахын сайд нь мэдээлсэн байна.
Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар PURL (Prioritized Ukraine Requirements List) нэртэй механизмыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Украинд шаардлагатай байгаа зэр зэвсгийг АНУ-аас худалдаж авах, санхүүжүүлэх улс орнуудад зориулсан энэ механизмыг ашигласан эхний улс Нидерланд болж байна.
“Америкийн нөөцөөс байлдааны техник нийлүүлэх ажлыг Нидерланд улс тэргүүлэн эхлүүлж байна. Украиныг тууштай дэмжсэнээр бид Оросыг яриа хэлэлцээнд шилжих дарамт шахалтыг нэмэгдүүлэх юм” гэж тус улсын батлан хамгаалахын сайд Рубен Брекелманс сошиал хуудсаараа мэдэгджээ.
Даваа гарагийн орой Нидерландын ерөнхий сайд Дик Шуфтай утсаар ярихдаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү санаачилгад нь талархал илэрхийлсэн байна.
Нидерландын нийлүүлэх багцад Патриот пуужингийн системийн хэсгүүд болон фронтын шугам дээр Украины армид нэн шаардлагатай байгаа бусад зэр зэвсэг, техник багтсан гэнэ.
Брекелманс бараг өдөр бүр Оросын талаас явуулж буй агаарын цохилтыг “цэвэр терроризм” гэж тодорхойлсон байна.
“Оросын давамгайлал Украинд нэмэгдэх тусам Нидерланд болон НАТО-гийн холбоотнуудын аюул улам ихсэх болно” гэж тэр мэдэгджээ.
PURL механизмын хүрээнд АНУ өөрөө $500 саяын зэр зэвсэг Украинд нийлүүлэхээр болоод байгаа. Бусад холбоотнуудын хувьд анхдагч нь Нидерланд болж байна.
Нидерланд улс үүнээс өмнө бас Украинд танк, дрон, сум хэрэгсэл, F-16 сөнөөгч онгоц нийлүүлж, нисгэгчдийг нь бэлдэж байсан юм.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте энэхүү санаачилгыг сайшааж, шинэ механизмын анхны чухал алхам гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Украинд илгээх АНУ-ын байлдааны техник хэрэгслийн анхны багцыг Нидерланд улс санхүүжүүлж байгааг харахад үнэхээр сайхан байна. Оросын түрэмгийллийг няцаахад Украинд нэн шаардлагатай байгаа зэвсэг техникийг санхүүжүүлж буй холбоотнууддаа би талархаж байна” гэж тэр сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!