Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт медикал" эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгохоор болжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн (2025.08.06) ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргажээ. 

Ингэснээр жил бүр 50 мянга орчим иргэн хавдрын оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэх боломж бүрдэнэ. Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурна гэж үзсэн байна. 

"Эрдэнэт медикал" төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь амбулатори, дүрс оношилгоо, мэс засал, хэвтүүлэн эмчлэх, лаборатори, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн чиглэлээр иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 20 хувийг Улаанбаатар хот, хангайн бүс, хойд бүс болон Ховд, Дорнод, Дундговь, Өмнөговь, Завхан, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь аймгийн иргэд, 80 хувийг Орхон аймгийн иргэд эзэлж байна.

2022-2025 онд 3551 хүн хэвтэн эмчлүүлж, 2210 хүн өдрийн эмчилгээ, үйлчилгээ авчээ. Амбулаториор 147,776 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ.