Ц.Сандаг-Очир: Улаанбаатарт наймдугаар сарын 17-28-нд болох "КОП-17"-д оролцохоор 4,127 хүн бүртгүүлээд байна
Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдана.
196 орноос төлөөлөл ирэх олон улсын энэхүү томоохон арга хэмжээг зохион байгуулахаар Үндэсний хороог байгуулагдан ажиллаж буй. Энэ нь 12 дэд хороотой бөгөөд одоогоор бэлтгэл ажил 52-94 хувьтай үргэлжилж байгаа аж. Тухайлбал Харилцаа холбооны дэд хорооны бэлтгэл 52, Барилга байгууламж хариуцсан дэд хорооны бэлтгэл ажил 67 хувьтай зэргээр үргэлжилж байгааг Үндэсний хорооны тэргүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэллээ.
Оролцогчийн бүртгэлийн талаар тэрбээр "Өнөөдрийн байдлаар 4,127 хүн "КОП-17"-д оролцохоор албан ёсоор бүртгүүлээд байна. Өмнөх долоо хоногийн байдлаар энэ тоо 2,836 хүн бүртгүүлээд байсан.
Тухайлбал "КОП-17"-д оролцохоор Шадар сайдын түвшний нэг, Байгаль орчны сайд болон салбар хариуцсан сайдын түвшиний 66, Дэд сайд 29, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан дөрөв, НҮБ-ын агенлагийн удирдлагын түвшиний тав, Банк санхүүгийн байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван хүн бүртгүүлсэн байна" гэлээ.
Түүнчлэн эдийн засгийн үр өгөөжийн талаар "Хуралд гадаадын 196 улсаас төлөөлөл ирнэ. Эдгээрийн 84 улс нь манай улсад визийн хөнгөлөлт, чөлөөлөлттэй байдаг. Эдийн засгийн үр өгөөжийн тухайд хэрэв дунджаар 6,000 хүн Монгол Улсад ирвэл зочид буудал, хоол, бэлэг дурсгал, худалдан авалт зэргээс 150 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ. 6,000 хүнээс доош бол 120 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа" хэмээв.
"КОП-17" нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд Цэнхэр, Ногоон гэсэн хоёр бүстэй байна. Цэнхэр бүсэд олон улсын зочид төлөөлөгчдийн хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг болно. Харуул хамгаалалт, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж НҮБ-д хүлээлгэн өгнө. Харин Ногоон бүсэд иргэд очиж "КОП-17" хэрхэн үргэлжилж буйтай танилцах боломжтойг сайд Ц.Сандаг-Очир хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
