Хүрэн баавгайн бамбарууш, халиун бугыг агнаж тээвэрлэсэн этгээдийг илрүүлэн шалгаж байна
Баавгайн бамбарууш, халиун буга хууль бусаар агнаж тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хяналт шалгалтын явцад илрүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор иргэн Б нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Эрүүгийн хуулийн 24.5.2-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Иймд хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэхийг санууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



