"34 дүгээр сургуулийн ачааллыг хуваалцах, 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын дунд үеэс эхлүүлнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс ажиллуулахад бэлэн болсныг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд нэг ээлжид 6,500 орчим сурагч суралцаж, гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсжээ. 

Шинэ сургууль ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 23, 24 дүгээр хорооны хүүхдүүдийн суралцах орчин, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, сургуулийн ачааллыг бууруулах бодит боломж бүрдэж байна. Тус сургуулийн үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын дунд үеэс эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд барилгын ажлыг “Ай Ди Си Пропертиз” ХХК гүйцэтгэжээ.

960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг нийслэлийн төсвийн ₮11.9 тэрбумаар, 2022-2026 онд барихаар баталсан байна

Харин тус дүүргийн 23 дугаар хороонд баригдаж буй 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Тус хорооны сургуулийн барилгын ажил 2025 онд эхэлсэн бөгөөд анхны төлөвлөгөөний дагуу 2026 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтэд хяналт, шалгалт хийгдэж, санхүүжилтийн үйл явц удааширсантай холбоотойгоор тус сургуулийг ашиглалтад оруулах хугацааг энэ оны аравдугаар сарын 15-ныг хүртэл хойшлуулахаар болжээ.

23 дугаар хорооны ₮8.3 тэрбумын төсөвт өртөгтэй шинэ сургуулийн сургалтын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

зураг
 
зураг
 
зураг