"Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдүүлэг авахаар дуудсан. Одоогоор ирээгүй"
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж долоодугаар сарын эхээр Монгол Улсад ирсэн.
Түүнийг Монгол Улсад ирсэнтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдүүлэг авахаар дуудсан талаар албаны эх сурвалж мэдээлэл өглөө. Уг хэргийг өмнө нь шалгаж байсан бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Монголд ирсэн учраас мэдүүлэг авахаар дахин дуудсан гэв.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн хоёр зүйл ангиар яллагдагчаар татан мэдүүлэг авах аж. Гэхдээ одоогийн байдлаар АТГ-т ирж мэдүүлэг өгөөгүй байгаа юм байна.
Тэрбээр Монголд ирснийхээ дараахан Үндэсний их баяр наадмын үеэр Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалыг зочдын индрээс үзсэн бол энэ сарын сүүлээр Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадамд очсон юм.
Эргэн сануулахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой гэх хэрэг 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн олон нийтийн анхаарлын төвд орж байсан.
Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2024 оны гуравдугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг" хэмээн дурдаж байсан.
Энэ явдлын дараа 2024 оны дөрөвдүгээр сард цагдаагийн байгууллага "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар танилцуулах үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон "Ачит Ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан гэх "Viber"-ын зурвасыг харуулсан юм. Улмаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн тухайгаа мэдэгдсэн.
Дээрх асуудалтай холбогдуулан түүнийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны тавдугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар баривчлах шийдвэр гаргаж байв.
Үүнээс долоон сарын дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээр сэжигтнээр баривчлах дээрх захирамжийг хүчингүй болгосон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
