Зураг
Зураг
Индэр    
2024 оны 3 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг нарын ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг өчигдрөөс нийтэд хүрч эхлэв.

Уг нэвтрүүлгийг 14 телевиз нийт 15 удаа дамжуулах юм. Хоёр цаг гаруйн хугацаанд үргэлжилж буй энэхүү ярилцлагын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө үед тулгамдаад буй олон асуудлын үндсэн шалтгаан нь системийн авлига хэмээгээд түүнийг угсарсан автор нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэмээн нэр цохов.

Түүнчлэн тэрбээр эрх мэдэл бүхий томоохон албан тушаал хашиж байсан хүмүүсийг нэр заан үнэнээ яриасай гэж хүсэж байна гэж үе үе давтаж байлаа.

Энэ нэвтрүүлэгт Ерөнхий сайдын ярьснаас зарим хэсгийг онцлон хүргэе.

"Ц.Элбэгдоржийн гурван сарын настай ЗГ Эрдэнэтийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг"

Сэтгүүлч Б.Ганчимэг: Системийн авлига угсрагдсан он цагийн эхлэл нь С.Зориг гэдэг улстөрч алагдсан он цагтай давхацдаг гэж хэлж байсан. Угсралтын тэр үе рүү өнгийж үзвэл ямар вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1996 оны сонгуулиар МҮАН болон СоцДек эвсэл 50 суудал авсан. Эвслийн тэргүүн нь Ц.Элбэгдорж дарга байлаа. Гэтэл М.Энхсайхан дарга Ерөнхий сайд болсон. Тухайн үед эрх баригчдад үзэл санааны том хагарал байсан нь бүх протоколоор батлагддаг. 

1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхий сайд М.Энхсайхан огцорсон. Ингээд Ц.Элбэгдоржийн Засгийн газар 23-нд байгуулагдаж, долдугаар сарын 24-нд огцорсон. Гурван сарын настай Засгийн газар юунд анхаарав гэхээр 10 гаруй удаа "Эрдэнэт"-ийн талаар ярьсан байдаг. "Эрдэнэт"-ийн захирал Ш.Отгонбилэгийг солих тухай, хоёрдугаарт Сэргээн босголт банкийг Голомт банктай нэгтгэсэн 80 дугаар тогтоол. 

Системийн авлигын асуудал энд үүсэж байгаа юм. Тухайн үед Оюутолгой, Тавантолгой гэж байгаагүй. Ганц "Эрдэнэт" л байсан. "Эрдэнэт"-ийг тойрч, ерөнхийдөө системийн авлига үүсэж эхэлж байгаа юм. Хэн "Эрдэнэт"-ийг хянана, тэр улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл.

Засгийн газар долдугаар сарын 24-нд огцорч, наймдугаар сарын 10-нд онцгой дэглэм тогтоон Ш.Отгонбилэгийг солиод Д.Дорлигжавыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилсон.

Аравдугаар сарын 1-нд Ардчилсан холбоо эвслийн хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ерөнхий тов гарсан ч учир битүүлгээр хойшилсон. Аравдугаар сарын 2-нд Улаанбаатар зочид буудалд эвслийн удирдлагын түвшний гол нөхөд цуглаад С.Зоригийг дараагийн Ерөнхий сайд гэж албан бусаар тохирсон. Харин тэр оройдоо Ерөнхий сайдаар томилогдох нь маш тодорхой болчихсон С.Зориг гэж улстөрч бусдын гарт хорлогдсон.

Сүүлд С.Зоригийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэж хоёр хүн алсан болж, нөгөөх нь хилсээр хэрэг хүлээлгэсэн болоод хэрэг задарчихсан байж байна. 

Сэтгүүлч Б.Ганчимэг: Та одоо ч улс төрийн аллага гэж боддог юм уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Та арай ахуйн аллага гэж боддог юм биш биз дээ, өнөөдрийг хүртэл? Яагаад заавал аравдугаар сарын 2-нд ахуйгаар алагдчихав гэдэг нөхцөл байдал үүснэ. 

Нэг том асуулт гарч ирдэг. Хэрвээ энэ хоёр хүн С.Зоригийг алаагүй юм бол яагаад гурван шатны шүүхээр алсан гэж үзэв гэдэг чинь маш том логикийн бөгөөд хүний эрхийн асуудал. Хэний захиалгаар, хэнд ашигтай учраас энэ хоёр хүнийг алсан гэж хуулийн байгууллага бүхэлдээ үзээд гурван шатны шүүхийн шийдвэр гарав?

Сэтгүүлч Б.Ганчимэг: Хүний эрх зөрчсөн, хэлмэгдүүлэлт явуулсан гэдэг дээр тухайн үеийн тагнуулын байгууллагын дарга Б.Хурц ял эдэлсэн гэж үзэх үү, өршөөгдсөн гэж үзэх үү. Одоо энэ хүн нэр дэвших гэж байгаа биз дээ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шүүх гэм буруутай гэж тооцоод, Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. С.Зоригийн хэргийг хаахын тулд яагаад ийм зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдгийг Б.Хурц болон зарим прокурор үнэнээр нь хэлэх өдөр ирэх байх гэж итгэдэг. Би тэднийг буруутгадаггүй. Учир нь тэд "Мэдлээ, гүйцэтгэе" гэдэг хүмүүс. Х.Баттулга Ерөнхийлөгч ч бас үнэнээ хэлэх байх. 

Надтай уулзаад ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надад хамаагүй гэж хэлсэн, нэг нь. 

Сэтгүүлч Б.Ганчимэг: Элбэгээ юу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамга гардуулахдаа хэлэхгүй юу даа. Зургаан ажлын хэсэг байгуулагдсан, тарсан. Энэ бол тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан, 1998 онд. Ингээд мань хүн чадаагүй огцорсон. Яг энэ систем 2009 онд Ерөнхийлөгч болсноор дахин угсрагдсан. 1998 онд чадаагүй зүйлээ яг хийсэн.

2012 онд Монгол Ардын Нам(МАН)-ыг дундуур нь хуваачихсан. Шүүх дээр нэрийг нь өгөөд. Тэр шүүгчдийн нэр С.Зоригийн хэрэг, "Эрдэнэтийн 49" дээр байгаа шүүгч нар яг адилхан. 

"Ч.Сайханбилэг үгүйсгэх байх, гэхдээ бараг уйлж байсан гэдэг. Тийм дарамтад байсан"

Сэтгүүлч Б.Ганчимэг: Та "Эрдэнэтийн 49", С.Зоригийн хэрэг холбоотой гэж мэдэгдсэн?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий прокурор нь "Эрдэнэт"-ийн захирал байсан Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсны дараа томилогдсон шүүгч нар, гаднаас авчирсан Б.Хурц. Энэ системийг хийгээд хоёр намын системийг бүхэлд нь мөнхөд хяналтдаа авахыг хүссэн бүлэглэл. Парламентаар оруулахгүйгээр шууд хийгдсэн асуудал. Ч.Сайханбилэг энэ шийдвэрийг гаргасан уу, үгүй юу гэдэг асуудал бас гарч ирнэ. Ч.Сайханбилэг нэг өдөр үнэнээ хэлнэ гэж итгэдэг.

Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаад Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг гаргаж ирэх үед хийгдсэн тохироо бий. Ц.Элбэгдоржийн зүгээс тавьсан үндсэн тохироо нь энэ худалдан авалтыг хийнэ, Д.Эрдэнэбилэг, ийм ийм хүмүүстэй тохирсон байгаа чи үүнийг хийж чадах уу гэдэг асуудал. Ингээд энэ нь хийгдсэн. Өөрөө үгүйсгэх байх, гэхдээ бараг уйлж байсан гэдэг. Тийм дарамтад байсан гэсэн үг.

Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод дэвдэг шүү дээ. Тэр бол С.Зоригийн хэргийг шийдчихсэн, "Эрдэнэтийн 49 хувь"-тай холбоотой бүх тохироогоо хийчихсэн, тухайн үед чадаагүй дутуугийн комплексоо улс төрийн хувьд бүгдийг нь олж авсан аархал нь дотроосоо тэсэрч ядаад гаргаж байгаа биеийн хэлэмж юм.

"Авлигын системийг угсарсан автор нь Ц.Элбэгдорж"

Сэтгүүлч Б.Ганчимэг: Энэ авлигын системийг чинь угсарсан авторууд гэж байх ёстой. Энэ хэн юм?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би хэлээд байна шүү дээ, Ц.Элбэгдорж гэж.

2015 оны зургаадугаар сарын 24-ний өдөр, Сү.Батболд даргын төрсөн өдөр. МАН ба Монгол Ардын Хувьсгалт Нам(МАХН) гэж хуваах шийдвэрийг шүүх гаргасан, МАХН гэрчилгээ авч байсан.

МАН-ын даргын төрсөн өдрийн орой Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий Газар(ТЕГ)-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-ын дарга, Ерөнхий сайд болон бусад хүн Их тэнгэрт уулзсан байдаг. Та нарт би шүүхээр ялалтыг чинь баталгаажуулж өглөө шүү гэж. Ц.Элбэгдоржийн үг байхгүй юу даа. Би тэнд байсан хүмүүс үнэнээ яриасай гэж бодож байгаа юм. 

Түүний тохироо юу байсан гэхээр Ардчилсан Нам(АН) сонгуульд ялах, МАХН-тай хамтарч Засгийн эрхийг барих, тэгээд Оюутолгой, Хөгжлийн Банктай холбоотой бондууд босгох, тэр бондуудыг хувааж авах тэр схем зурагдаж байсан. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа сонгогдохын тулд МАН-ын саналыг хувааж, С.Удвалыг дэвшүүлэх нууц төлөвлөгөө байсан байна. Миний яриад байгаа албан бус төр буюу МАНАН систем гээд байгаа нь энэ. Хууль хяналтынхан хоорондоо крантны ус гоожуулж ярьдаг хэмжээнд очсон байсан

Сэтгүүлч Б.Ганчимэг: Гаднын хөрөнгө оруулагчийн бизнесийг булааж авдаг, бүхэл бүтэн зочид буудлаар нь рекэтэлж авдаг?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нэг япон өвгөн хөрөнгө оруулж байтал гэнэт зочид буудлынх нь өрөөнөөс хар тамхи гарч баривчлагдаад л, тэгснээ маргааш нь "Та зүгээр явж болно. Гэхдээ газраа өгчих" гээд түүнийг нь хуулийн байгууллагынхан нь хувааж аваад орон сууц барьчихсан. 

Компаниудтай уулзаад лицензээ өг, хувиа өг гэдэг тохироо ч тухайн үед зөндөө болж байсан. Хязгааргүй их мөнгө, мөнгөний эргүүлэг рүү орсон. Бизнес булаагдаж байсан нь тэр найман жилд хамгийн их болсон

Манай нам дотор байгаа дамд тоглосон хүн нь Миеэ дарга л байхгүй юу. Дунд нь байсан зуучлагч нь Т.Бадамжунай. Улаанбаатарт баригдсан хорооллуудаас стандартаа бариад зөвшөөрлөө аваад баригдсан байшин гэж бараг байхгүй. Бүгд авлигаа өгөөд байшингаа барьчхаад дараа нь зөвшөөрлөө нөхөж авсан. 

"Хөгжлийн Банкны асуудлыг Засгийн газар дангаараа дийлэхгүй байсан"

Сэтгүүлч Б.Ганчимэг: Яагаад олон нийтэд чанаргүй зээлийн жагсаалтыг зарлая гэж шийдсэн юм бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зээл аваад төлөхгүй байгаа компаниудад улс төрд нөлөө бүхий этгээдүүд байгаа учраас Засгийн газар дангаараа дийлэхгүй. Иймээс төлөгдөхгүй яваад байсан, төлөх ч ёсгүй гэж бодоцгоосон.

Ингээд бөөнөөр нь Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т өгөөд, нэг нэгээр нь гаргаж тавиад, Улсын Их Хурал(УИХ)-ын сонсгол давхар явсан. Хэвлэл мэдээлэл, олон нийт ч сайн дэмжиж, Засгийн газар шахсаны хүчинд хоёр бонд оны өмнө Хөгжлийн Банкны эх үүсвэрээр төлөгдсөн. 

"Сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ алга болчихно. Дараагийнхтай нь тохироо хийе гээд хүлээж байгаа"

Сэтгүүлч Б.Ганчимэг: МАНАН-гийн автор нөхдийг энэ системийн эцгүүд гэж үзэж байгаа юм бол яагаад хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэж чадахгүй байна вэ. Энд хэн саад болоод байгаа юм?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ гэж хүн алга болчхож магадгүй. Тэгвэл хэдүүлээ дараагийн Ерөнхий сайдтай улс төрийн тохироонд орж магадгүй. Мөнгө байгаа, эрх биш болох байлгүйдээ гээд байж байгаа хүмүүс шүү дээ. 

Карма хаалга андуурдаггүй гэдэг шиг өмнө хийсэн муу үйлтэйгээ хүн яаж ч тойроод ирээдүйд заавал таарна. Энэ хэргүүдийг шийдэхгүйгээр шүүх бариад өнөөдөртөө аргалаад явж л байна. Өнөөдөртөө Л.Оюун-Эрдэнэ ч бай, өөр хэнийг ч бай дуугүй болгож болно. Гэхдээ ирээдүйд бий болох тэр уур амьсгал одоо байгаагаасаа илүү нэхэл хатуутай байх вий дээ.

Сэтгүүлч Б.Ганчимэг: Саяхан стандарт бус улс төрийн нүүдэл хийсэн. Автор нь та. Хууль зүйн сайдыг хотын дарга болголоо. "Ногоон автобус"-ны цаад эзэн нь экс хотын дарга болж таарч байгаа юм уу. Энэ хэргийн буруутан хэн юм, хаана байгаа юм бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хотын утаа, түгжрэл, нийтийн тээвэр, газар олголт гээд өнөөдрийн бидний ярьж байгаа бэрхшээл бол шинж тэмдэг. Системийн авлига дээр ургаж байгаа шинж тэмдэг. Нэг нь өөрийн тань асууж байгаа автобусны асуудал. Автобус бүх л цаг үед шууд гэрээгээр явсаар ирсэн нь сая "дэлбэрч" байгаа. Учир нь улсын төсөв дээр авчирч тавьснаар илэрсэн. Тэгэхээр улс арай хяналт өндөр байна гэсэн үг. Буруутай этгээдүүд нь шийдвэрлэгдэх байх. 

Яагаад хуульгүй хот болчхов гэхээр Ерөнхий сайд, хотын дарга хоёр дандаа өөр фракцын хүмүүс байсан. Хүчний харьцаагаа тэнцвэржүүлдэг, нэг баг болох тал дээр учир дутагдалтай. 

2001 он хүртэл Барилга, Хот Байгуулалтын Яам(БХБЯ)-ны Геодези, зураг зүйн газар нь газартай холбоотой асуудлууд дээр дүгнэлт гаргадаг байсан. Энэ газрыг яамтай нь хотын фракц авснаар Засгийн газар хотынхоо өмнө төлөвлөлт дээрээ хүчин мөхөстсөн. Яваандаа хотын фракц нь Засгийн газар болж хувирсан. 

Сэтгүүлч Б.Ганчимэг: Х.Нямбаатар бол "Нянбактер"-аараа дуудуулаад л. Би бол үүнийг гайхаад байгаа. Нэр дэвшихгүй, намаа авахгүй?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хотын суурь асуудал бол дахиад л нөгөө системийн авлига. Системийн авлигын асуудлуудыг Х.Нямбаатар сайд мэдэхийн дээдээр мэддэг хүн. Зарим талдаа надаас ч илүү мэдээлэлтэй байгаа. Үүнийг Х.Нямбаатар л шийдэж чадвал чадна. Би бол асуудлаа л шийдэхийг хүсэж байна. 

"2012 оны сценарийг АН-д буцааж тавиад "Ийм л байдаг юм даа" гэж хэлж болох байсан"

Сэтгүүлч Б.Ганчимэг: Х.Нямбаатар золиослогдох нь 30 дугаар асуудал гэж байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт, нэг наст ургамал дээр манай домог Э.Бат-Үүл ах маань хэцүү, хэцүү юм яригддаг шүү дээ. Гэтэл нийгэмд түүн шиг "идеал"-ны дарга байсангүй гээд байгаа?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүний нэг. Тэр үнэ цэнд нь илүү хайртай. Хамгийн хүнд хэцүү цаг үед МАН татан буулгах хэмжээний нийгмийн уур амьсгалтай үед Э.Бат-Үүл л болохгүй гэж хэлж байгаа юм. Тэр өдрөө бол нам дотроо дуусаж байгаа шүү дээ. Төр сонгуулиар л өөрчлөгдөх ёстой болохоос биш жагсаал юм уу, өнгөт хувьсгалаар өөрчилж болохгүй гэж байсан. 

Жишээлбэл Ц.Элбэгдорж манай намыг хуваагаад, манай намын даргын төрсөн өдрөөр шампанск тулгаад байж байх ардчилсан хувьсгалын удирдагч, манай намд "Долдугаар сарын 1"-ний ард татан буулгах хэмжээний асуудал үүсээд, эсвэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед зарлиг уншуулчхаад татан буулгах уу, үгүй юу гээд байж байх цаг үед хамгаалж зогсож байгаа ардчилсан хувьсгалын удирдагч Э.Бат-Үүл. Ялгаатай байгаа биз. Надад идеалоги нь чухал. Х.Нямбаатар, Э.Бат-Үүл хоёр хоорондоо яаж мэтгэлцэх нь хотынхны асуудал. 

Хоёр нам харилцан бие биетэйгээ тэнцвэртэй байх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах гэдэг дээр Э.Бат-Үүл гэдэг улстөрчийг би маш өөр өнцгөөс харж явдаг. Хэрвээ Э.Бат-Үүл дарга тухайн үед тийм шийдвэр гаргаагүй байсан бол улс төрийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ыг хоёр хуваагаад, тэртэй тэргүй хуваагдчихсан байсан, сонгуульд надад үгүй мөн ашигтайяа. Яг л 2012 оны сценарийг буцаагаад өөрсдөд нь тавиад би "За ийм л байдаг юм даа. Та нар манай намыг хагалж байсан учраас одоо та нар хагарч байгаа юм даа" гэж хэлж болно.

Сэтгүүлч Б.Ганчимэг: Тэгээд Женкод нэг намынх нь даргыг өгчхөж болно гэж үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Женкогийнх нь намыг бүртгүүлээд, өөр хэн байдаг юм ингэж болно. Ийм түвшний эрсдэл АН-д бодитой нүүрлэсэн байсан. Э.Бат-Үүлийн гаргаж байсан энэ идеалоги өнөөдөр надад ямар ч үнэ цэнээр хамаагүй АН-ыг энэ хүнд үеийг нь хуваагдахгүйгээр даван туулуулах, энэ дээр улс төрийн бүх дэмжлэгийг үзүүлэх, хамгаалах. Энэ бол зөвхөн сөрөг хүчин хуваагдах асуудал биш. Институт маш хүнд байдалд орж байгаа юм. Нэг салаад явсан хүмүүс буцаад нэгдэхэд ямар хүнд вэ гэдгийг би мэдэхийн дээдээр мэднэ. 

Том мажоритар тогтолцоо МАН-д үргэлж ашигтай байсаар ирсэн. Пропорционал холимог тогтолцоог АН дандаа ярьсаар ирсэн. Тиймээс 126 хүнтэй холимог тогтолцоо гэдэг бол АН-ын олон жилийн хувьд ярьсан идеалоги. Үүгээр дамжуулж Монголын парламент олон намын тогтолцоотойгоо хэвээр үлдэх, АН институтийнхээ хувьд цаг үеийн хүнд сорилтоо даван туулж гарах, Монголын ардчилал хамгаалагдах, нүдний цөцгий мэт хайрлах ёстой манай парламентын засаглалын хэзээ ч үгүйсгэж үл болох маш чухал үнэ цэнтэй институт учраас ингэж хандаж байгаа. 

"Дубайн гэрээ нь Ц.Элбэгдоржийн захиалга байсан"

Сэтгүүлч Б.Ганчимэг: Байлдаан бүр баялгаас эхтэй. Эхний 30 жилийн дайн бол "Эрдэнэт" дээр явагдсаныг хоёулаа ярилаа. Дараагийнх нь Оюутолгой?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгой бол маш сайн орд. Энэ баялгийг хэрхэн ашиглаж байгаа вэ гэдэг гэрээ бол асуудалтай. 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ хийж, татварын болон санхүүгийн тооцооллыг өөрчилсөн. Бидний нэрлэдгээр Дубайн гэрээ. Хамгийн ноцтой нь Засгийн газрын хурлаар ч ороогүй, УИХ-аар ч ороогүй. Шулуухан хэлэхэд энэ бол хуулийн хулгай. "Эрдэнэтийн 49 хувь"-тай яг адилхан. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг холдуулж байгаад Ч.Сайханбилэгийг томилоод хөшигний цаана хийсэн "Эрдэнэт"-ийн хэлцэлтэй яг адил. Оролцогчид нь адилхан, арга нь адилхан. Сонгууль дөхсөн байсан нь үнэн. Үүнийг нь хийх нь Ц.Элбэгдоржийн захиалга байсан гэж үзэж болно. 



Ц.Элбэгдорж: Нэрийг минь хэлэхээ болингуут л зөвхөн түүнийг ялааны настай замнал тосно

Харин энэхүү ярилцлага цацагдсаны дараа нэр нь нэлээд дурдагдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Би чиний толгой дотор, толгой дотор амьдарчийна. Түрээсгүй... Нэрийг минь хэлэхээ болингуут л зөвхөн түүнийг ялааны настай замнал тосно" гэж бичжээ.