53 жилийн өмнө дуучин Виктор Харагийн амийг хөнөөсөн хэрэгт холбоотой сүүлчийн хүнийг Чилийн цагдаа нар баривчилжээ
Пиночетын дэглэмийн үед дуучин Виктор Харагийн амийг хөнөөсөн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан сүүлчийн этгээдийг баривчилснаа Чилийн эрх баригчид зарлажээ.
Чөлөөнд гарсан хурандаа Нельсон Хаас Маззей 2023 онд өөр зургаан хүний хамт Хара болон бас нэг хүний амийг хөнөөсөн хэрэгт шүүхээс эчнээ ял сонссоны дараа эрэн сурвалжлагдаж байсан юм.
Чилийн цагдаа нар түүнийг Бямба гарагт тус улсын өмнөд бүсийн Пуйеуэ хотоос баривчилжээ.
Дуучны бэлэвсэн гэргий, Британийн бүжигчин Жоан Харагийн үүсгэн байгуулсан Виктор Хара Сангийн мэдэгдэлд “2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан чөлөөнд гарсан хурандаа Нельсон Хаас Маззейг баривчилсныг бид мэдсэн бөгөөд энэ мэдээг талархан хүлээж авлаа. Гэхдээ Виктор Хара болон Литтре Кирога нарын алуурчдыг хагас зууны дараа баривчилсныг шударга ёс тогтсон гэж хэлэхэд хэцүү юм” гэсэн байна.
АНУ-ын дэмжлэгтэй генерал Августо Пиночет төрийн эсрэг бослого зохион байгуулж, социалист ерөнхийлөгч Сальвадор Алендег зайлуулсны маргааш буюу 1973 оны есдүгээр сарын 11-ний өдөр дуучин, зүүний үзэлтэн Виктор Хараг нийслэл Сантьяго хотод баривчилж байжээ.
Сантьяго хотын төв цэнгэлдэх хүрээлэнд олон мянган хүний хамт хоригдож байсан Хара болон Алендегийн засгийн газрын шоронгийн захиргааны дарга Литтре Кирога нарыг дөрөв хоногийн дараа тус цэнгэлдэх хүрээлэнгийн хувцас солих өрөөнд хөнөөсөн юм.
Пиночетын цэргийн дэглэмийн 17 жилийн хугацаанд 3,000 гаруй хүн алагдаж, олон арван мянган хүн эрүү шүүлтээр орж байсан бөгөөд тэднээс хамгийн алдартай хүмүүсийн нэг нь Виктор Хара байжээ.
Хараг алахаасаа өмнө офицерууд хоёр гарыг нь хугалж, гавлын ясыг нь бяцалж, “Орос руллет” тоглох гэх мэтээр тарчилган зовоож байсан гэдэг.
44 сумны шарх, 56 ясны хугаралттай түүний цогцос Сантьяго хотын төв оршуулгын газрын ойролцоогоос олдож байжээ.
Кирогагийн цогцос бас ижил газраас 23 сумны шархтай олдсон байна.
Хагас зууны турш хариуцлагаас зугтсан долоон офицер 2023 онд шүүхээс ял сонсоход Хаас Маззей 25 жилийн хорих ял сонсжээ.
Тэрбээр аллагын үеэр одоо нэр нь Виктор Харагийн Стадион болж өөрчлөгдсөн цэнгэлдэх хүрээлэнд байгаагүйгээ олон жилийн турш мэдүүлж байсан юм.
Маззей нь 1972 онд Пиночетын нууц цагдаагийн алба болох алдарт Техас Верде бригадад ажиллаж байжээ.
Түүнтэй хамт ял сонссон 86 настай Ернан Чаконыг 2023 онд цагдаа нар баривчлахаар гэрт нь очиход эмээ уух нэрээр өөр өрөөнд орсны дараа амиа хорлож байв.
Гэрчийн мэдүүлснээр “Виктор Хараг алсан зэвсэг!” гэж гар буугаараа гайхуулдаг байсан өөр нэг офицер Педро Барриентос 1989 онд АНУ-д дүрвэсэн байна. АНУ-ын эрх баригчид түүнийг 2023 оны арванхоёрдугаар сард Чилид шилжүүлэн өгч байжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
