Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсад бүртгэгдсэн чикунгуня вирусийн халдварын тохиолдол 7,000-ыг давжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Долдугаар сараас хойш Хятадын өмнөд бүсийн Гуандун мужид шумуулаар дамждаг чикунгуня вирусийн халдварын тохиолдол 7,000 давсан тул цар тахлын үеийнх шиг хариу арга хэмжээ авч эхэлжээ.

Халдварт хамгийн их нэрвэгдсэн Фошань хотод өвчтөнүүдийг эмнэлэгт шумуулаас хамгаалсан тортой оронд хэвтүүлэн эмчилж эхэлсэн байна. Тэднийг зөвхөн шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргаж байгаа ажээ.

Вирус тээгч шумуулд хазуулсан тохиолдолд халуурч, үе мөч хүчтэй өвдөж эхэлдэг бөгөөд энэ нь заримдаа хэдэн жилийн турш үргэлжилдэг байна.

Хятадад ховор гардаг энэ өвчин Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн орнууд, Африк тивийн зарим хэсэгт түгээмэл байдаг.

Фошаниас гадна Гуандун мужийн өөр 12 хотод чикунгуня вирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ.

Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 3,000 орчим тохиолдол шинээр нэмэгдсэн байна.

Даваа гарагт Хонконг хотод анхны халдварын тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн сард Фошань хотод аялаад ирсэн 12 настай хүүгээс өвчний шинж тэмдэг илэрсэн юм байна.

Чикунгуня вирусийн хувьд хүнээс хүнд халдварладаггүй, зөвхөн шумуулд хазуулсан тохиолдолд халддаг.

Хятадын албаны хүмүүсийн мэдээлснээр халдварын бүх тохиолдол хөнгөн, 95 хувь нь долоо хоногийн дотор эмнэлгээс гарахаар байгаа гэнэ.

Гэсэн хэдий ч төдийлөн танил бус энэ өвчин тус улсын эрх баригчдын санааг зовоож байна.

Өвчний дэгдэлтийн дараа АНУ-ын засаг захиргаа өөрийн иргэдэд Хятад улсад зорчихдоо “болгоомжтой” байхыг анхааруулсан юм.

Гуандун мужийн захиргаа шумуулын үржлийг хязгаарлахын тулд цэцгийн сав, кофены машин, лонх зэрэгт үлдсэн усыг байнга асгаж цэвэрлэж байхыг иргэдэд зөвлөсөн байна.

Зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд 10,000 юань ($1,400) хүртэл мөнгөөр торгохыг анхааруулжээ.

Мөн вирус тээгч шумуулыг идэж устгах чадвартай бусад шавж, загас зэргийг ашиглаж эхэлсэн байна.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Фошань хотын захиргаа шумуулын авгалдайг иддэг нэг төрлийн загаснаас 5,000 орчмыг тус хотын нуур цөөрмүүдэд тавьжээ.

Хотын зарим хэсэгт тогтсон ус шалбаагийг илрүүлэхийн тулд нисгэгчгүй онгоцнуудыг ашиглаж байна.

Халдвартай шумуулд хазуулсан хүнээс өвчний шинж тэмдэг 3-7 хоногийн дараа илэрдэг гэнэ.

Халуурах, үе мөч өвдөхөөс гадна тууралт, толгой өвдөх, булчин өвдөх, үе мөч хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг юм байна.

Хүндэрсэн тохиолдолд дээрх шинж тэмдгүүд хэдэн сараар, хэдэн жилээр ч үргэлжилдэг гэнэ.

Өвчин хүндрэх эрсдэлтэй бүлэгт нярай хүүхэд, өндөр настан, зүрх судас, чихрийн шижин гэх мэт суурь өвчтэй хүмүүс багтаж байна.

Эмчлэх арга байхгүй ч чикунгунягийн халдвараар нас барсан тохиолдол ховор байдаг гэнэ.

Уг вирусийг анх 1952 онд Танзани улсаас илрүүлсэн бөгөөд сүүлд Сахарын цөлийн өмнөд бүсийн Африк тивийн орнууд болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тархаж байжээ.

Өнөөдрийг хүртэл уг вирусийн тархалт дэлхийн 110 гаруй улсад бүртгэгдсэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөснөөр бол вирусийг тархахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь шумуул үрждэг тогтоол усыг багасгах ажээ.

 

Эх сурвалж: BBC