Япон Улсын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-ны Дэд тэргүүн К.Кондо, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хотын дарга М.Ямашита нар 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрөөр хэрэгжсэн “Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг дахин ашиглах төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслолд өчигдөр оролцлоо.
Уг төслийн хүрээнд тус дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд Изүнокүни хотоос хандивласан гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг нийлүүлсэн юм. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр алслагдмал тосгонд гал түймэр, ослын үед гал унтраах, хүний амь насыг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, улмаар тосгоны гал түймэртэй тэмцэх болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдэх юм.
Япон Улсын Засгийн газар 1990 оноос хойш 35 жилийн туршид Монгол Улсад Өвсний үндэс хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус төсөл Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжсэн 15 дахь төсөл болсон юм.
"Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж"-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!