АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордны дээвэр дээр гэнэт гарч ирсэн нь тэнд байсан сэтгүүлчдийг гайхшируулсан үйл явдал болжээ.
Тэрбээр хэвлэлийн хурал зохион байгуулдаг танхимын дээвэр дээр бие хамгаалагчид, мэргэн буучдын хяналтын дор 20 минут орчим хугацаанд алхахдаа өөрийн саяхан санаачилсан хүлээн авалтын шинэ танхимын байрлах газрыг судалсан юм байна.
Сэтгүүлчид юу хийж байгааг нь асуухад Трамп эхлээд “жаахан алхах гэсэн юм” гэж хариулснаа дараа нь “өөрийн мөнгийг энэ улсын төлөө зарцуулах бас нэг арга замыг хайж байна” гэж тайлбарлажээ.
Яг юу бүтээн байгуулах талаар судалж байгааг нь асуухад тэр гараараа нисэж буй зэвсэг дүрслээд “цөмийн пуужин” гэж хошигносон юм.
Сүүлийн өдрүүдэд АНУ, ОХУ-ын хооронд харилцан нэгнээ цөмийн зэвсгээр сүрдүүлсэн үйл явдлууд өрнөж байгаа.
Трампын хэлсэн хошигнол үүнтэй холбоотой бололтой.
Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн сүрдүүлгийн дараа Трамп цөмийн хоёр шумбагч хөлгөө дэлхийн хаа нэгтээ шилжүүлэн байрлуулах тушаал өгснөө зарлаж байв.
Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа Цагаан ордонд өөрийн санаачилсан ямар нэг бүтээн байгуулалт үлдээхээр шийдээд байгаа.
Тангараг өргөснөөсөө хойш тэр алдарт Роуз Гарден цэцэрлэгийг зүлэгжүүлж, Зууван Танхимыг хувийн харш шигээ алтадмал гоёл чимэглэлтэй болгосон.
Сүүлд Трамп шинэ хүлээн авалтын танхим байгуулах төлөвлөгөөгөө зарласан нь Цагаан ордны хувьд 100 гаруй жилийн хугацаанд гарсан хамгийн том шинэчлэлт болох төлөвтэй байгаа.
Тэрбээр энэ төслийн $200 саяын санхүүжилтийг төсвөөс гаргахгүй, хувийн хандивлагчдын тусламжтай босгохоо амласан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!