Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Шувуун фабрикт $13 саяар хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлж, нийслэлийн иргэдийг нарийн ногоогоор хангана"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал, эх орны хөрсөнд ургасан чанартай хүнсний ногоогоор хангах зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Шувуун фабрикт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төслийг БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт хүлэмжийн тариалалт 16 га талбай буюу нийт хүлэмжийн тариалалтын талбайн 32 хувийг эзэлдэг байна

Төслийн хүрээнд орчин үеийн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны хадгалалтын зоорь бүхий дэд бүтцийг байгуулах аж.

Санхүүжилтийн талаар Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Энэхүү төслийн хэлэлцээр өнгөрсөн онд эхэлсэн. Анх дөрвөн сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих төсөл байсан.

Нийслэлийн иргэдийн нарийн ногооны хэрэгцээ шаардлагад үндэслэн олон улсын байгууллагуудтай хамтарсан судалгаа, уулзалтуудын үр дүнд 13 сая ам.долларын өртөг бүхий өргөтгөсөн төсөл болон баталгаажсан" гэв.

50 га талбайд өвлийн хүлэмж шинээр байгуулснаар жилдээ 16.5 мянган тонн ургац хураан авч, дотоодын хэрэглээг 100 хувь хангах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолсон байна.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 89 аж ахуйн нэгж, 445 иргэн нийт 50.1 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Үүнээс 23.5 га талбайд өвлийн хүлэмж, 26.6 га талбайд зуны хүлэмжид тариалалт хийж жилдээ 2,500-3,400 тонн ургац хурааж авдаг байна. Гэвч нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг 60 мянган тонн гэж тооцдог бөгөөд дотоодын хэрэглээгээ хангахын тулд 20 га талбайд ухаалаг өвлийн хүлэмж шаардлагатай болжээ.