Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Отгонсүрэн: Чойжин Ламын сүм музейн харуул хамгаалалтад жилийн ₮34 саяыг баталсан. Сарын ₮2.8 саяар ажиллах компани алга

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн санал авах танхимын хэлэлцүүлэг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам (ССАЖЗЯ)-д өчигдөр (2025.08.05) зохион байгуулагдав.

ССАЖЗ-ын сайд 2026 онд 553.9 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар дээд хязгаарыг баталсан байна. Үүний 412 тэрбум нь урсгал зардалд, 141.9 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтад зарцуулагдахаар хуваарилжээ. 412 тэрбум төгрөгийн урсгал зардлаас соёл урлагийн салбарт 225.3 тэрбум төгрөг, спортын салбарт 53.5 тэрбум төгрөг, аялал жуулчлалын салбарт 133.2 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөж байгаа аж.

Өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр Чойжин Ламын сүм музейн харуул хамгаалалт, хоёр га газрын ногоон байгууламжийн ашиглалтад маш бага төсөв хуваарилдаг талаар тус музейн захирал Д.Отгонсүрэн дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Би хоёр асуудлыг онцолж Сангийн яаманд хүсэлт гаргаж байна. Нэгдүгээрт харуул хамгаалалт. Чойжин Ламын сүм музей гэрээт харуул хамгаалалтын албатай хамтарч ажилладаг. Жилийн батлагдсан төсөв 34 сая төгрөг. Үүнийг 12 сард хуваавал 2.8 сая төгрөг болж байгаа. Сарын 2.8 сая төгрөгөөр бидэнд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж, ажиллах компани алга. 

Харуул хамгаалалтад 3-4 хүн ээлжээр ажиллана гээд хоёр жил дараалж тендер зарлахад нэг ч компани ороогүй. Манай харуул хамгаалалтын компани гэрээгээ цуцлаад яваад өгсөн. Өнөөдөр музей эзэнгүй, ажилчид өөрсдөө харж хамгаалаад байж байна. Энэ асуудлыг Сангийн яам мэдэж байгаа юу. 

Бид жил бүр төсвийн төсөлдөө судалгаа, тооцоолол гаргаад Сангийн яаманд явуулдаг. Гэвч батлагддаггүй юм бол жил бүр судалгаа гаргах ямар шаардлага байна вэ?

Зах зээлийн судалгаа хийхэд 34 сая төгрөгийн тендерт ямар ч компани оролцохгүй гэдгийг хоёр жил харлаа. Чойжин Ламын сүм музей бол хосгүй үнэт үзмэртэй, улсын нэгдүгээр зэрэглэлд явдаг. Өнөөдөр музей эзэнгүй байна, эрсдэл гарвал хэн хариуцах вэ. 

Хоёрдугаарт Чойжин Ламын сүм музей 2 га газартай. Музей өөрөө үзвэр үйлчилгээний газар учраас ногоон байгууламжтай сайхан байх ёстой. Гэтэл манайд нэг ч төгрөгийн төсөвгүй, хүний нөөцгүй. Монгол Улсад ирж буй улс орны тэргүүн, хүндтэй зочид Чойжин Ламын сүм музейд ирнэ, үзэмжтэй сайн байлга гээд бидэнд үүрэг өгдөг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг махлаад, орчныг хувааж өгөөд хуульд заагаагүй ажлыг хийлгэж байна. 

Бид төсөл хөтөлбөр бичдэг, хувийн хэвшлийн буянаар музейн эргэн тойрны орчныг тохижуулаад өгдөг. Бидэнд эргээд хүлээлгээд өгөнгүүт сайхан тордож авч явах үүрэг ирдэг боловч чадахгүй байвал "ямар ч арчаагүй юм бэ" гэдэг.

Манайд ажиллаж байгаа хүмүүс хийх ёсгүй ажлаа хийгээд музейг сайхан байлгахын төлөө олон жил бор зүрхээрээ явах асуудал мөн үү. Хоёр га газар, ногоон байгууламжийг сайхан хэмжээнд авч явна гэдэг бидэнд хүндэдсэн асуудал байна. Сангийн яам тухайн байгууллагын төсвийг баталж өгөхдөө салбарынх нь онцлогийг харгалзаж үзээрэй" гэв.