Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Баян-Өлгийн нутагт гарсан нийт зургаан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 6
IKON.MN
Зураг зураг
ОБЕГ

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.06/ 15:00 цагийн байдлаар нийт зургаан ойн түймэртэй байгаагаас 3 ойн гал түймрийг цурамд оруулж, 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллагаас 227 алба хаагч, 17 автомашин, 1 нисдэг тэрэг, мэргэжлийн ангийн 72 хүн, 4 автомашин буюу нийт 299 хүн, 21 автомашин, 1 нисдэг тэрэг, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. 

Түймэр гарч буй нутгууд: 

  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын суманд-2,
  • Увс аймгийн Сагил суманд-1 нийт 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар,
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд-1,
  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд-1,
  • Баян-Өлгий аймгийн Булган суманд-1 буюу нийт 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байгаа аж. 

Өнгөрсөн хоногт /2025.08.05/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Элээтийн ам”, Хүдэр сумын “Шоргоолжийн өндөр”, Мандал сумын “Гуртын уулын хойд тал”, Дорнод аймгийн Халхгол сумын “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан нийт 4 ойн түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулсан байна. 

Он гарсаар өнөөдрийн байдлаар 15 аймгийн 73 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 216 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. 

Энэ онд бүртгэгдсэн түймрийн 54.9 хувийг иргэдээс өгсөн дуудлага, мэдээллээр, 40.9 хувийг сансраас гал түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 4.2 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажилласан байна.