Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Руанда улс АНУ-аас өөр улсын 250 хууль бус цагаачийг хүлээж авахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-аас албадан гаргасан 250 хууль бус цагаачийг хүлээж авахаар ерөнхийлөгч Трампын засаг захиргаатай тохиролцсоноо Африк тивийн Руанда улсын эрх баригчид зарлажээ.

Тохиролцооны дагуу хүлээн авсан хүмүүст “ажиллах хүчний сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, Руандад амьдралаа эхлүүлэх боломжоор хангах” болсныг тус улсын засгийн газрын төлөөлөгч Иоланда Маколе мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Трамп тангараг өргөснөөсөө хойш АНУ-аас хууль бус цагаачдыг албадан гаргах ажлыг эрчимжүүлсэн.

Ингэхдээ эх орон нь хүлээж авахаас татгалзсан гэмт хэрэгтнүүдийг өөр улс орнууд руу гаргах арга хэмжээ авч эхэлсэн юм.

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “хамгийн жигшүүртэй гэмт хэрэгтнүүдийг” хүлээн авах улс орныг идэвхтэй хайж байгаагаа мэдэгдэж байв.

Үүний дараахан Руанда улстай тохиролцож байгаа гэх цуурхал тарж байсан юм. Тэгвэл энэ цуурхал үнэн болох нь сая батлагдаж байна.

Саяхан Африк тивийн Эсватини, Өмнөд Судан улсууд АНУ-аас албадан гаргасан хүмүүсийг хүлээж авсан юм.

Руанда улсын бараг айл өрх бүр дүрвэлт, нүүлгэн шилжүүлэлтийн зовлонг туулсан тул туршлага дээрээ үндэслэн АНУ-тай ийм гэрээ байгуулсныг хатагтай Маколо тайлбарлажээ.

Тэр бас Руандагийн нийгэм ийм хүмүүсийг “дахин нийгэмшүүлэх, шархыг нь эдгээх” үйлсийг өндрөөр үнэлдэг тухай ярьсан байна.

1990-ээд оны дундуур Руандад үндэс угсаагаар ялгаварласан геноцид гарахад олон сая хүн орон гэрээсээ дүрвэж байсан түүхтэй.

Тус улсын засгийн газар зургаан жилийн өмнө НҮБ-ын дүрвэгсдийн байгууллагатай гэрээ байгуулж, Европыг зориод Ливид гацсан 3,000 орчим дүрвэгчийг хүлээн авч байжээ.Тэдний ихэнх нь сүүлд өөр өөрийн эх орондоо буцсан гэдэг.

2022 онд бас Их Британийн консерватив засгийн газартай дүрвэгчдийг хүлээж авч, байрлуулах гэрээ байгуулж байв.

Гэвч хэрэгжилт нь хууль эрх зүйн олон саад бэрхшээлтэй тулгарсан энэ гэрээг өнгөрсөн оны долдугаар сард засгийн эрхийг авсан Хөдөлмөрийн намын ерөнхий сайд Кэйр Стармер цуцалсан юм.

Тухайн үед Британийн засгийн газар өөрийнх нь улсад цагаачилж ирсэн хүмүүсийг түр байрлуулах байр босгоход зориулан Руандагийн засгийн газарт $310 саяыг төлөхөөр төлөвлөж байжээ.

Энэ удаа АНУ-ын засаг захиргаатай мөн тодорхойгүй мөнгөн дүнтэй гэрээг Руанда улс байгуулсан гэлцэж байгаа ч мэдээлэл нь хараахан ил болоогүй байна.

Хүний эрхийн байгууллагууд цагаачдыг эх оронд нь биш, гуравдагч улс оронд албадан гаргах нь олон улсын хууль дүрмийг зөрчиж байж болзошгүйг анхааруулдаг.

 

Эх сурвалж: BBC