Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дайнд амь үрэгдэгсдийн дурсгалын галаас тамхи асаасан хүнийг Францын эрх баригчид эрэн сурвалжилж байна

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Парис хотын төвд байрладаг дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан мөнхийн галаас тамхи асаасан хүнийг Францын эрх баригчид олж шийтгэхээр эрэн сурвалжилж эхэлжээ.

Жуулчдын нүдэн дээр нэр үл мэдэгдэх цэргүүдийн булшны галаас нэг эр тамхиа асаасны дараа тайван алхаж холдсоныг сошиал орчинд тарсан дүрс бичлэг харуулсан юм.

Шамп Элизе өргөн чөлөөнд оршдог Ялалтын хаалганы доор байрлах энэ булшинд дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн нэр үл мэдэгдэх цэргүүдийн шарил агуулагддаг.

Тиймээс дээрх дүрс бичлэг францчуудыг нэлээд бухимдуулаад байна.

зураг
 

“Энэ хүнийг олж, шийтгэж, бусдад сургамж болгох хүсэлтийг би Парисын прокурорын газарт тавилаа. Францын дурсгалыг доромжлоод зүгээр өнгөрөх ёсгүй” гэж тус улсын ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Патрисиа Мираллес сошиал хуудсандаа бичжээ.

Сайд цааш нь “Энэ гал тамхи асаах гэж биш, манай олон сая цэрэг эрсийн золиосолсон амь насны төлөө шатдаг юм. Энэ бол манай түүх, манай үндэстэн, манай амиа алдагсдыг доромжилсон хэрэг” гэж мэдэгдсэн байна.

Le Figaro сонинд мэдээлснээр дээрх дүрс бичлэгийг наймдугаар сарын 4-ний орой Латвийн нэг жуулчин гар утсандаа буулгаад ТикТок сүлжээнд нийтэлж байжээ.

 

Эх сурвалж: AFP