Нийслэл хотод хийн түлшээр ажиллах эх үүсвэрийн дулааны станцыг Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгад, хатуу түлшээр ажиллах дулааны станцыг Шархад, Яармаг, Залуус, Морингийн даваа, Хүннү хот, Сэлбэ хотод барихаар болоод буй.
Тус бүр 21-144 МВт хүртэлх хүчин чадалтай 10 дулааны станцыг тархмал хэлбэрээр барих бөгөөд оргил цагийн үед системээс ирэх ачааллыг бууруулан, 581 Гкал/цаг дулааны эрчим хүч нийлүүлнэ гэж тооцоолжээ.
Эдгээрээс Дэнжийн мянгын дулааны станцын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьд хүрчээ.
Тодруулбал дулааны станцыг нийт 58 нэгж талбарт байгуулахаас 51 нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн байна.
Харин дулааны шинэ эх үүсвэрийн технологийн хувилбарыг тэлэх зорилгоор Сэлбэ болон Хүннү хот орчмын нутаг дэвсгэрт газрын гүний дулааны хайгуул, судалгааг эхлүүлжээ.
Ийнхүү бага чадлын дэд станцуудыг байгуулж, оргил цагийн ачааллыг хуваарилах, системийн доголдлоос сэргийлэх дулааны тархмал эх үүсвэр төсөл үе шаттай хэрэгжиж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!