Уншиж байна ...
Зураг

"Нийтийн амралт, зугаалгын бүсэд хийн түлшээр ажилладаг дулааны станц барих нь эрсдэлтэй"

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын дөрвөн байршилд хийн дулааны станцыг барихаар төлөвлөжээ. Үүний нэг байршил нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийн түлшээр ажиллах дэд станц барих асуудал байв. НИТХ-аар уг асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн зүгээс байршлыг өөрчлөх санал гаргасан тул хойшлуулав. Ингэхдээ дараагийн хуралдаанд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийн дулааны станц байгуулах боломжтой эсэхийг судалж, танилцуулахаар болж байна.

Дөрвөн байршилд хийн дулааны станц барих талаар ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэгцээг ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станц хангадаг.

Жилд дунджаар 190-210Кк.цагийн хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж дулааны нэгдсэн системд холбогдож, жилд дунджаар 7-8%-аар дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгааг олон улсын жишигтэй харьцуулбал уг өсөлт 2-3 дахин их байгаа юм.

ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станцын хүчин чадал 2,418Кк.цаг боловч Улаанбаатар хотын дулааны сүлжээнд холбогдсон хэрэглээ 3,559Ккал.цаг буюу суурилагдсан хүчин чадлаас 1,140Ккал.цагаар илүү, ачаалал 46%-аар хэтэрсэн байдалтай байна. Энэхүү нөхцөл байдал нь -39 хэмээс дээш хүрч хүйтэрсэн тохиолдолд хотын дулаан хангамжид хөлдөлт гарах эрсдэлтэй юм.

Үүнээс гадна хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдохоор техникийн нөхцөл авсан 686 ААН, байгууллагын 476Кк.цагийн хэрэглээ хүлээгдэж байна.

Манай улстай цаг агаарын хувьд ойролцоо, хүйтэн уур амьсгалтай улс орнуудад дулааны тархмал нэмэлт эх үүсвэрүүдийг оргил ачааллын үед ажиллуулдаг байна. Иймд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн дулаан хангамжийн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэхээр дөрвөн байршилд тархмал хийн эх үүсвэрийг барихаар тогтсон.

  • Их засаг их сургуулийн орчимд 46 МВт хүчин чадалтай
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд хоёр байршилд 112 болон 84 МВт хүчин чадалтай
  • Зайсан орчимд 28 МВт хүчин чадалтай хийн эх үүсвэрийн станц барихаар төлөвлөсөн юм.

Их засаг их сургуулийн орчимд 46 МВт хүчин чадалтай дулааны станцыг барьснаар Баянзүрх дүүргийн 31, 32 дугаар хорооны 2,470 ААН, нийтийн орон сууцны, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дулаан хангамжийг шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Амгалан ДЦС-д осол гарсан тохиолдолд шинээр барьсан станц нь хэрэглэгчдийг дулаанаар хангах юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд хоёр байршилд баригдах хийн станц нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15, 17, 18 дугаар хорооны дулаан хангамжийг сайжруулж, хотын дулаан хангамжийн системд үүсэх хүндрэлийг бууруулах ач холбогдолтой. Хийн дулааны станцуудыг байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хамгийн орчин үеийн технологитой, станцын харагдах байдлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад газруудын орчинд нөлөөлөхгүй байхаар төлөвлөж байна. Иймд газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна" хэмээн НИТХ-ын хуралд танилцуулсан юм.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, төлөөлөгч Т.Батцогт "Хэрэв LPG хийн станц дэлбэрвэл ойролцоох Олимп, Sunshine Village, Ривер гарден, Кинг таун зэрэг хотхонуудад болон ундны усны эх үүсвэр, ногоон бүсэд өндөр эрсдэлтэй, хүн өртвөл 3-5 секундийн дотор үхэлд хүрэх зэрэг эрсдэлтэй. Нийтийн амралт, зугаалгын бүсэд үйлдвэрийн байгууламж барих нь зөрчилтэй" гэж бүлгийн хурлын санал, дүгнэлтийг уламжиллаа. Ингэснээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийн дулааны станц байгуулах боломжтой эсэхийг судалж, танилцуулах шийдэлд хүрэв.