Английн BPP их сургууль, Австралийн Торренс их сургуультай хамтарсан бакалаврын (+ACCA II) зэрэг олгох 1+2 хөтөлбөрийн сургалттай GAPE Global Academy-ийн үүсгэн байгуулагч, Дэд профессор Б.Баярмаатай ярилцлаа.
- GAPE Global Academy тухай болон олон улсын зэрэг цол олгох сургалтуудын талаар яриагаа эхэлье.
GAPE академи нь 2015 онд Мэргэжлийн Боловсролын Олон Улсын Академи болон АНУ-ын Бекер Мэргэжлийн Боловсрол /Becker Professional Education-BPE/ Групп хамтран зохион байгуулдаг АНУ-ын Мэргэшсэн Нягтлан Бодогч (US CPA) цол зэрэг олгох шалгалтад бэлтгэх эрхийг авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн 2016 онд Олон Улсын мэргэшсэн Нягтлан бодогч (ACCA) цол зэрэг олгох сургалт, шалгалтын лицензийг авсан. Манай байгууллагын дүрэм дээр ч, бидний итгэл үнэмшил ч тэр өнөөг хүртэл нэг адил “Олон улсын цол зэргийн сургалтыг үндсэн стандартаар явуулж, олон улсад үнэлэгдсэн мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэе. Монгол залуучууд маань дэлхийн хаана ч очиход хүлээн зөвшөөрөгддөг мэргэжлийн хамгийн том цолонд хүрэхэд нь тусалъя, тэднийг бэлтгэе” гэсэн зорилт тавьснаас хойш 10 дахь жилийнхээ босгон дээр иржээ.
Өнөөдөр манай сургалт, хөтөлбөрүүд илүү өргөжиж үндсэн 3 чиглэлд хуваагдаж байна. Нэгдүгээрт Англи, Австралийн их сургуулиудтай хамтарсан 1+2 буюу 3 жилийн бакалаврын хөтөлбөр, Хоёрдугаарт IELTS болон Кэмбриджийн Linguaskill англи хэлний сургалт, шалгалт, Гуравдугаарт Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн US CPA, ACCA мэргэжлийн цол, зэргийн шалгалтад бэлтгэх сургалтыг олон улсын стандартын дагуу тус тус хэрэгжүүлж байна. Энгийнээр хэлбэл манайхыг олон улсад суралцах, ажиллах боломжийг бүрдүүлсэн үе шаттай сургалт, академик хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг гэж хэлж болно.
- ЕБС-ийн 12 ангийг төгсөгчид мэргэжил сонгох, их дээд сургуульд элсэн суралцах сонголт хийж буй энэ цаг үед танай Англи, Австралийн их сургуулиудтай хамтарсан бакалаврын хөтөлбөр уншигчдад сонирхолтой санагдлаа, 1+2 хөтөлбөрийн тухай дэлгэрүүлж ярилцъя.
Энэ хөтөлбөрийн хувьд Монголд түргэвчилсэн хөтөлбөрөөр 1 жил, Англи, Австралийн сонгосон сургуульдаа үргэлжлүүлэн 2 жил суралцаад бакалаврын зэрэгтэй төгсөхийн зэрэгцээ нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр төгсөгчид ACCA-ийн 2-р зэрэгтэй төгсдөг. Бид 2016 оноос Английн BPP их сургуультай, 2023 оноос Австралийн Торренс их сургуультай хамтарч 1+2 бакалаврын сургалтыг хамтран зохион байгуулж байгаа.
“… 1+2 хөтөлбөр нь их сургуулийн бэлтгэл болон академик хөтөлбөрийн 2 жилийн нийт 80 кредит цагийн хичээлийг Монголдоо 1 жилийн хугацаанд 3 семестрээр буюу түргэвчилсэн сургалтаар оюутнуудыг бэлтгэдэг.”
- Бидний ойлголтоор бакалаврын зэргийг 4 жил суралцаж төгсдөг бол 1+2 хөтөлбөрөөр яаж ийм богино хугацаанд тэр тусмаа гадаадад төгсөх боломжтойг тайлбарлахгүй юу?
Англи, Австралийн их сургуулиудад foundation буюу бэлтгэл хөтөлбөр 1 жил, бакалаврын академик хөтөлбөр 3 жил, нийт 4 жил үргэлжилдэг. Харин дээрх хоёр их сургуультай хамтарсан 1+2 хөтөлбөр нь бэлтгэл болон академик хөтөлбөрийн 1-р курсын 2 жилд суралцах нийт 80 кредит цагийн хичээлийг Монголдоо 1 жилийн хугацаанд 3 семестрээр буюу түргэвчилсэн сургалтаар оюутнуудыг бэлтгэдэг гэсэн үг.
Монголд 1 жилийн хөтөлбөрөө дүүргэсэн оюутнууд Английн BPP эсвэл Австралийн Торренс их сургуулийн аль нэгийг сонгон 2, 3 дахь жилдээ 30 хүртэл хувь тэтгэлэгтэйгээр 160 кредит цаг суралцаад бакалаврын дипломоо авдаг. Мөн цаашид 1 жил үргэлжлүүлэн суралцаж магистрын зэрэг хамгаалах боломжтой. Энэ түргэвчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх стандартыг хангахад манай байгууллагын олон улсын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн дээрх US CPA, ACCA сургалтын лиценз эзэмшдэг маань гол нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл олон улсын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн сургалт нь бизнес удирдлагын бакалаврын боловсролын сайн суурь болдог, мөн шалгуурыг хангадаг.
Мөн, 2000 оноос европын орнуудад нийгмийн шинжлэх ухаан буюу бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр суралцах оюутнууд 6 семестр буюу 3 жилийн бакалаврын хөтөлбөр дүүргэдэг жишиг рүү шилжиж байгаа. Жишээлбэл Чех, Герман, Финланд, Англи, Итали, Швейцар гээд олон улсыг нэрлэж болно.
- Оюутанд хугацаа хэмнэхээс гадна санхүүгийн давуу тал гарах уу?
Тиймээ. Гадаадын их сургуульд 4 жил суралцах хугацаа 2 жилээр хэмнэгдэж байгаа нь нийт сургалтын төлбөр 50% хэмнэнэ гэсэн үг. Түүнээс гадна Лондон, Сидней зэрэг өртөг өндөр хотуудад 2 жилийн амьдрах зардал хэмнэнэ гэдэг нь маш том давуу тал болдог. Монголд суралцах хугацаандаа оюутнууд хоорондоо найз нөхөд болж цаашид нэг сургууль, хотыг сонгосноор харилцан бие биедээ туслах болоод байрны зардлаа ч хэмнэдэг туршлага ажиглагддаг.
- Монголд 1 жил суралцсаны дараа оюутны үргэлжлүүлэн суралцах дээр дурдсан хоёр их сургууль юугаараа онцлог вэ?
BPP University (UK) нь Их Британийн мэргэжлийн боловсрол чиглэлээр мэргэшсэн хувийн их сургууль бөгөөд ACCA, CPA, CFA, хууль, бизнес зэрэг хөтөлбөрөөр дэлхийд танигдсан. ACCA-ийн дэлхийн хамгийн нэр хүндтэй сургалтын түншүүдийн нэг бөгөөд 1+2 хөтөлбөрийн дүн, ACCA-ийн кредитүүдийг хүлээн зөвшөөрч, оюутныг "Accounting and Finance" мэргэжлээр 2-р курсээс шилжин суралцахыг зөвшөөрдөг.
Харин Torrens University (Australia) нь практик чадварт суурилсан боловсролоороо алдартай. Бизнес, дизайн, эрүүл мэнд, зочлох үйлчилгээ чиглэлээр олон улсын оюутнуудад өргөн сонголт санал болгодог. ACCA-ийн кредитүүдийг мөн хүлээн зөвшөөрдөг тул GAPE Глобал Академиар дамжин суралцсан оюутнуудыг Bachelor of Business чиглэлийн бакалаврын хөтөлбөрт шууд дундаас нь буюу 2-р курсээс элсүүлдэг.
“… 12-р анги төгссөн эсвэл хүссэн сургуульдаа орж чадалгүй gap year авсан болон мэргэжлийн сонголтоо өөрчлөх сонирхолтой их сургуулийн оюутнууд 1+2 хөтөлбөрийг сонгодог.”
- Ямар мэргэжлээр Англи, Австралид суралцах вэ?
1+2 хөтөлбөрийн оюутнууд BPP их сургуульд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцдаг. Харин Торренс их сургуульд илүү олон мэргэжлийн сонголттой. Бизнесийн удирдлага, энтерпренершип, маркетинг, спортын менежмент, нягтлан бодох бүртгэлийн гэх 5 мэргэжлээр үргэлжлүүлэн суралцах боломжтой.
- Ямар шалгуур хангасан хүүхэд залуус энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой вэ?
ЕБС-ийн 12-р анги төгссөн эсвэл хүссэн гадаадын их сургуульдаа орж чадалгүй чөлөө (gap year) авсан болон мэргэжлийн сонголтоо өөрчлөх сонирхолтой их сургуулийн оюутнууд 1+2 хөтөлбөрийг сонгодог. Манайд гадаадад суралцаж байгаад эргэн ирсэн, болон АШУҮИС, МУИС, ШУТИС-д суралцаж байгаад мэргэжлээ солих шийдвэр гаргаж 1+2 хөтөлбөрийг сонгож амжилттай суралцаж байгаа оюутнууд олон бий.
- Элсэлтийн шалгуур буюу элсэгчид ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ?
Бид элсэгчдээс англи хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Энэ нь тухайн оюутан мэдлэгийн ямар түвшинтэй эхэлсэн болохыг нотлох, мөн англи хэлээр хичээллэх сэтгэл зүйн бэлтгэл болдог. Хангалттай оноо авч чадаагүй бол IELTS, Кэмбриджийн Linguaskill шалгалтад бэлтгэх хөтөлбөрүүдийг нэмэлтээр санал болгодог. Ялангуяа хэлний мэдлэг дунджаас доогуур оюутнуудыг 8-р сард хэлний хөтөлбөрт хамрагдаж, түвшин ахиулаад 1+2 хөтөлбөрийн шалгуурыг хангахыг зөвлөдөг.
Англи хэлний мэдлэгийн шалгуур хангасан бол хичээлийн эрхлэгч, сургалтын албанаас ярилцлага хийдэг. Хамгийн гол нь 1+2 хөтөлбөрт суралцах чин хүсэл сонирхол, хичээл зүтгэл гаргах сэтгэл зүй хамгийн чухал. Түргэвчилсэн хөтөлбөр нь оюутнаас ихээхэн чармайлт шаарддаг, ачаалал өндөртэй байдгийг анхаарах хэрэгтэй.
- Гадаадын их сургуулийн боловсролын систем манайхаас ялгаатай. Тийм ч учраас гадаадад суралцахаар очсон оюутнуудад эхний семестр их хүнд байдаг гэж дуулсан. Монголд эхний жил суралцах нь энэ бэрхшээлийг давахад давуу тал болох уу?
Монголд сурагч 12 дугаар анги төгстлөө багшийн үгээр, чиглүүлгээр суралцаж, даалгавраа шаардуулж хийдэг. Ингэж суралцаж дадсан хүүхдүүд гадаадын их сургуулийн боловсролын систем, англи хэлээр сурах, суралцах арга барилын ялгаа зэрэгт дасахад хугацаа шаардагдах буюу “соёлын шок”-нд ордог. Эхний семестрээ давж чадахгүй байх, дахин суралцах зэргээр санхүү, төлбөрийн зардал нэмж зарцуулах болдог. Харин 1+2 хөтөлбөрийг сонгосноор Монголд нэг жил сурахдаа ачаалал аваад, цаашид дээрх бэрхшээлүүдийг даагаад гарах хэмжээнд хангалттай хэмжээнд бэлтгэгдэнэ. Түүнчлэн гадаадын их сургуульд очоод plagiarism буюу оюуны өмчийн асуудалд орохгүйгээр шаардлага хангахуйц даалгавруудыг өөрөө хийж гүйцэтгэх, хичээлийн агуулгыг бие даан судлах, шалгалтаа амжилттай давах гээд академик бэлтгэл хийчхэж байгаа гэсэн үг. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ шууд гадагшаа явуулахдаа эргэлзэж, санаа зовж байгаа бол энэ хөтөлбөр хамгийн тохиромжтой.
Манай сургуулийн онцлог нь нягтлан бодох бүртгэл, бизнес, санхүүгийн чиглэлээр Англи, Австралид суралцах зорилго нэгтэй оюутнууд хамтдаа суралцдаг, гадаадын их сургуулийн ижил орчинд олон улсын мэргэжлийн зэрэгтэй (ACCA, CPA) туршлагатай багш нар хичээлийг тулж заадаг явдал юм. Нэг ангид дээд тал нь 20 оюутан суралцдаг нь сурагч бүрд анхаарал хандуулах, суралцах эрмэлзэл, хичээл зүтгэлийг нь нэмэгдүүлэх, мэргэжлийнхээ ач холбогдлыг гүнзгий ойлгох боломжийг олгодог.
“1+2 түргэвчилсэн хөтөлбөр нь оюутнаас ихээхэн чармайлт шаарддаг, ачаалал өндөртэй байдгийг анхаарах хэрэгтэй.”
- Гадаадад суралцагчдын хувьд виз мэдүүлэхтэй холбоотой хүндрэл их гардаг. Танай хөтөлбөрийн оюутнуудад виз гарах магадлал хэр вэ?
Элссэн оюутнууд эхний 1, 2 семестр үндсэн хичээлдээ илүүтэй анхаарч суралцдаг бол 3-р семестрээс буюу 3-р сараас оюутнууд болон тэдний эцэг эхчүүдэд гадаадад суралцах бэлтгэл, визний шаардлага, хэрхэн амжилттай шилжин суралцах тухай үе шаттай сургалт зөвлөгөөг өгч эхэлдэг. Манай оюутнууд жилийн дараа IELTS 6.0 - 6.5 онооны шалгуур хангасан байдаг, мөн манай хуулийн зөвлөх фирм мэргэжлийн туслалцаа үзүүлдэг бөгөөд өмнөх шилжин суралцсан оюутнуудын амжилт, сайн түүхүүд нь визний хүндрэл үүсэхээс сэргийлдэг.
- Эцэг эхчүүдийн оролцоо чухал байх нь ээ.
Мэдээж тийм. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт сургалтын онцлог, сурах орчин, багш нартайгаа биечлэн танилцаж хамтдаа шийдвэр гаргахыг зөвлөдөг. 1+2 хөтөлбөрийн эхний 1 жил нь Англи, Австралийн их сургуулийн 2 жилийн хөтөлбөрийг 3 семестрт багтаасан байдаг, Англи хэл дээр суралцах тул ачаалал өндөр. Ийм учраас бид эцэг эхчүүдтэй оюутны сурлагын явц, прогресс зэргийн талаар байнга мэдээлэл солилцож хүүхэд бүрийг их сургуульдаа амжилттай шилжин суралцахад туслахыг зорьдог. Жишээ нь 14 хоног тутам явцын тайланг цахимаар илгээдэг бол, 2 сар тутам эцэг эх болон оюутантай гуравласан уулзалт хийдэг гэх мэт. Мөн, гадаадад суралцаж байгаа болон төгссөн оюутнууд маань манай “Sharing is caring” дотоод хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж харилцан туршлагаа хуваалцаж, мэдээлэл зөвлөгөө солилцдог нь анхлан суралцагч, гадаадад их сургуульд шилжин суралцах болоод төгссөн оюутнуудад аль алинд нь маш том сэтгэл зүйн дэмжлэг болдог.
“Жилийн чөлөө авснаар залуусын хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж унах, үеийнхнээсээ хоцорсон мэдрэмж авч стресстэх, эцэг эх хүүхэд хооронд зөрчил үүсэх, цаашлаад сурах сонирхолгүй болох эрсдэлтэй.”
- Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ мэргэжил, сургуулийн сонголттой холбоотой санаа зовнил, асуудал их байдаг.
Хүссэн сургуульдаа орж чадаагүй залуус жилийн чөлөө (gap year) авах хандлага түгээмэл байна. Бидний зүгээс эцэг эхчүүдэд, залууст жилийн чөлөө авахаас татгалзахыг зөвлөдөг. Жилийн чөлөө авснаар залуусын хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмж унах, үеийнхнээсээ хоцорсон мэдрэмж авч стресстэх, эцэг эх хүүхэд хооронд зөрчил үүсэх, цаашлаад сурах сонирхолгүй болох эрсдэлтэй. Тиймээс энэ хөтөлбөрт элсээд 1 жил Монголд маш сайн бэлтгэгдээд, сонирхсон мэргэжлээрээ хамтарсан хөтөлбөртэй их сургуульд 2 жил суралцаад бакалаврын зэргээ авчих. Дараа нь хүссэн дэлхийн тэргүүлэх топ сургуульдаа магистраа хийгээрэй гэж зөвлөдөг. Магадгүй магистрын төлбөрөө энэ 2 жилийн хугацаанд өөрөө төлөх чадамжтай болж болох юм. АНУ-аас ялгаатай нь Англи, Австралид оюутны визээр 7 хоногт 20-24 цаг албан ёсоор ажиллах эрхтэй нь манай оюутнуудад том боломж байдаг.
- Элсэлтийн бүртгэлийн хугацаа болон хичээл хэзээ эхлэх тухай?
Бид 2025 - 2026 оны хичээлийн жилд 1+2 бакалаврын хөтөлбөрт 20 оюутан элсүүлэх гэрээг хоёр их сургуультай байгуулсан. Одоогоор анги 70% бүрдсэн. 2025 оны 8 сар дуустал 6 оюутан нэмж авах боломжтой.
9-р сарын 1-нд хичээл эхэлнэ. Цаашлаад 2026 оны 6 сард Монгол дахь 1 жил буюу 3 семестрийн түргэвчилсэн хөтөлбөрийг дүүргэж, шалгалтуудаа өгснөөр ирэх оны 9 сард Английн BPP эсвэл Австралийн Торренс их сургуульд сонгосон мэргэжлээрээ академик хөтөлбөрийн 2-р курсээс шилжин суралцаж 2 жилийн дараа төгсөнө.
- Гадаадын их сургуулийн төлбөр эцэг эхчүүдийн хувьд том сорилт байдаг. Сургалтын төлбөрийн талаар мэдээлэл өгвөл?
Монголд нэг жил суралцах үндсэн төлбөр 7200 ам.доллар байдаг. Нэмэлт хэлний хөтөлбөр шаардагдах бол түвшнээс хамаарч манай IELTS, Linguaskill шалгалтад бэлтгэх 3 түвшний хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай. Цаашид үргэлжлүүлэн Английн BPP эсвэл Австралийн Торренсийн алийг сонгох, ямар мэргэжлээр суралцах зэргээс хамаарч үлдэх 2 жилийн төлбөр харилцан адилгүй.
- Хөтөлбөртэй холбоотой нэмэлт тайлбар, мэдээлэл хэрхэн авах вэ?
Бакалаврын хөтөлбөрийн сургалтын албатай 11-337788, 8545-7788 утсаар урьдчилан цаг авч ажлын сондгой өдрүүдэд 12:00-14:00 цагуудад биечлэн уулзаж, тайлбар зөвлөгөө авч болно. Манай академи Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах Сити тауэрын 5 давхарт байрладаг.
Мөн 1+2 бакалаврын хөтөлбөрийн тухай https://www.gape.education/ цахим хуудас, хамтарсан бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Английн BPP их сургууль https://www.bpp.com, Австралийн Торренс их сургууль http://www.torrens.edu.au/ хаягаар нэмэлт мэдээлэл авч болно.
- Цаг гарган залууст маш хэрэгтэй хөтөлбөрийн мэдээлэл өгсөнд баярлалаа.
Баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!