Уншиж байна ...
Зураг
Зураг

Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар, манж хэлээр бичигдсэн анагаах ухааны нууц номыг 301 жилийн дараа монгол хэлээр орчуулав

ikon.mn
2 цаг 5 минутын өмнө
ikon.mn

Академич Шаравын Болд
Дэд профессор Баттогтохын Гэрэлмаа
Профессор Дашжамцын Шагдарсүрэн

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монголын Анагаах Ухааны Академи, МУИС, “Ач” АУИС, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн багш, судлаачид Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар манж хэлээр бичсэн 8 боть (дэвтэр), гар бичмэл анагаах ухааны эртний номыг орчин цагийн монгол хэлээр орчуулж, харь үг, түүхэн болон эртний үгийн тайлбар хийж шинэ оны босгон дээр хэвлүүллээ.

Орчуулга болон үгийн тайлбарыг профессор Гүндүүгийн Буянтогтох, дэд профессор Баттогтохын Гэрэлмаа, академич Шаравын Болд нар хийж, профессор Дашжамцын Шагдарсүрэн редакторлажээ. Бүтээлийн нэрийг манжаар “Ge ti ciowan lu bithe” гэдэг. Монгол хэлээр “Дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” гэж орчуулагдана. Нийтдээ 896 хуудастай, 30,5х20 см хэмжээтэй, 1723 онд бичсэн, ганц хувь бүтээл. Манж хэлээр бичсэн Францын Есүсийн нийгэмлэгийн Доминик Пареннин (1665-1741), хянасан Манжийн Энх-Амгалан хаан (1654 - 1722). Үндсэн эх нь Францын Muséum National d’Histoire Naturelle-д хадгалагдаж байна. Бид хуулбарыг нь олж орчуулгадаа ашигласан.

зураг
 
8 боть (дэвтэр), гар бичмэл манж номын хуулбар

Энэ номыг бичсэн гол шалтгаан нь 1692 онд Энх-Амгалан хаан хумхаагаар өвчилсөнтэй холбоотой. Тэрбээр ордны эмч нарт үзүүлж эм уусан ч сайжралыг олсонгүй. Энэхүү үйл явдлыг нүдээр харсан хүний мэдээллийг Жан де Фонтаней (1643-1710) албан мэдээндээ ийн тэмдэглэн үлдээжээ. Клод де Висделоу бид хоёр Перугийн кортексоос нэг фунтыг ордонд авч очсон. Бид энэ эмийн ургамлыг хумхаа өвчнийг эмчлэхэд Европт хэрэглэдэг хамгийн сайн эм хэмээн танилцуулж хаанд өргөв.

Хаан эхлээд өөрийн 3 агьд уг эмийг уулган, аюулгүй, үр дүнтэй гэдгийг нь мэдсэний дараа өөрөө ууж эдгэсэн. Шашны элч нар Перугийн кортексоор хааныг эмчилж, амь насыг нь аварсан мэдээг олон түмэнд зарлан улмаар тэднийг хааны ордны дотор байдаг харшаар шагнав. Хааны ордны эмч нарын гурав нь хаанд буруу эмчилгээ хийсэн тул шүүгдэн хөөгджээ. Барууны анагаах ухаанаас үр шимийг нь хүртсэн Энх-Амгалан хаан гадаадын анагаахын шинжлэх ухааныг ихэд сонирхох болж анагаах ухааны тухай хичээл заалгаж байгаад улмаар ном бичих төсөл болгон хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийг гол хэрэгжүүлсэн хүн нь 1698 онд Манжид ирсэн Доминик Пареннин (1665-1741) хэмээх элч  байв. Тэрбээр математикч төдийгүй манж хэлийг хурдан хугацаанд сурсан, нэн боловсорсон нэгэн байлаа. Номоо бичихдээ Пиер Дионис (1643-1718)-ийн бичсэн Европын анагаах ухааны анатомийн стандарт бүтээлүүдийн нэг, Парист 1690 онд  хэвлэгдсэн 644 хуудастай, “L’anatomie de l’homme suivant la circulation du sang, & les dernières découvertes, démontrée au Jardin-royal” номыг сонгон авсан.

Энэ бүтээл тухайн үедээ хүний биеийн бүтцийг хамгийн нарийн, тодорхой бичсэн, шинэ нээлтүүдийг багтаасан гэгддэг байв.

Харин анатомийн зургийн хувьд Данийн Томас Бартолин (1616-1680) эмчийн 1677 онд хэвлэсэн “... Anatome quartum renovata: non tantum ex Institutionibus b.m. parentis, Caspari Bartholini, sed etiam ex omnium cum veterum, tum recentiorum observationibus: ad circulationem Harveianam, & vasa lymphatica directis ...” номыг үндсэн хэрэглэгдэхүүн болгон сонгон авчээ. Үүний зэрэгцээ тухайн үеийн дорно дахины анагаах ухааны гол онол таван махбод, хийн онол, зарим эмчилгээний аргуудыг багтаасан судар номыг ашиглан таван жил бичсэн бөгөөд энэ хугацаанд Энх-Амгалан хаан бичээч, зураач нар гарган өгч туслуулсны зэрэгцээ уг номын үг, үсгийн алдааг манж хэлний дүрмийн дагуу хянаж зассан байна.

Энэхүү бүтээлийн хоёр янзын хувилбар байдаг бөгөөд эхнийх нь 1720 онд манжаар хэлээр “Dergici toktobuha ge ti ciowan lu bithe” гэсэн нэрээр бичиж бүрэн дууссаны дараа эзэн хаан хэвлэх (барлах) зөвшөөрөл өгсөнгүй. Уг номыг нийт гурван хувийг гараар бичиж, Бээжин хотод нэг, нийслэлээс гаднах Цэнгэлдэх ордонд нэг, гурав дахь хувийг нь Манжийн өвөг дээдсийн нутаг Жехолд тус тус хадгалжээ. Түүгээр ч үл барам гар бичмэлийг унших эрхийг хэдхэн хүмүүст олгон, тэдэнд номыг ордноос авч гарах, эсвэл тэмдэглэл хөтлөх зөвшөөрөл олгохгүй, маш нууцалж байв.

Хоёр дахь хувилбарыг 1722 онд Энх-Амгалан хаан нас барсны дараа Доминик Парренин “Ge ti ciowan lu bithe” гэж гарчиглан 8 дэвтэрт хуваан манж хэлээр, гараар бичин нэгэн цомогт хийж 1723 оны 5 дугаар сарын 1-нд Бээжингээс Францын Шинжлэх Ухааны Академид захидлын хамт илгээжээ.

Энэ ном түрүүчийн номоосоо бүлгийн дараалал нь өөр, 8 дугаар дэвтрийг нэмж оруулснаараа ялгаатай. Түүнээс агуулгын хувьд ижилхэн юм. Бид энэхүү “Ge ti ciowan lu bithe” 8 дэвтэр, манж хэлээр бичсэн гар бичмэл номын хуулбарыг Францаас олж аван МУИС-ийн багш, манжич, доктор, профессор Г.Буянтогтох багшийн дэмжлэгтэйгээр монгол хэлээр орчууллаа. Орчуулах ажил тун амаргүй байсан ч сайн манжич багшийн билиг оюун, бидний хамтач ажиллагааны үр дүнд бүрэн дуусаж, анагаах ухааны сургалт, судалгаа, практикт хэрэглэх боломжийг нээхийн зэрэгцээ, хэл шинжлэл болон түүхийн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүст зориулан ийнхүү өргөн барьж байна.

зураг
 
Орчуулсан номын хавтас, зарим зургууд

“Ge ti ciowan lu bithe” номын эхний 4 боть нь европын анагаах ухааны арга зүйн зарчмуудыг ашиглан биеийн бүтэц зүйн судлал, туршин шинжилгээний үр дүн, физиологийн үйл ажиллагааг нэгтгэн бичсэний зэрэгцээ Европын сэргэн мандалтын үеийн анагаах ухааны хэд хэдэн нээлтийг оруулсан байв.

Үүнд: Италийн анатомист Замбеккари (Zambeccari, Giuseppe, 1655-1728)-ийн нохойн дэлүүг авах мэс засал, Дани гаралтай Регниер де Граафын нойр булчирхай дахь шингэн нь гэдэсний дээд хэсэгт урсан ордог болохыг 1664 онд баталсан туршилт, 1628 онд Английн эрдэмтэн Уильям Гарвайн цусны эргэлтийн нууцыг тайлсан нээлт, Каспар Бартолин  (1585-1629) 1611 онд нээсэн nervus olfactorius, nervus vagus, 1657 онд Томас Бартолин нээсэн 13 дугаар хромосомын гурвалын "Нүдгүй мангас" (Monstrum sine oculis) гэсэн эмгэг зэрэг өнөөдөр ч анагаахын шинжлэх ухааны сургалт, практикт заан хэрэглэгдэж байгаа шинжлэх ухаанд хувьсгал хийсэн мэдлэгүүд агуулагдаж буй нь гайхал төрүүлж байлаа.

“Ge ti ciowan lu bithe” номын сүүлийн 4 ботид 5 цул, 6 сав, 5 эрхтэн, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, саа зэрэг өвчнүүдийн шалтгаан, нөхцөл, эмгэг жам, шинж тэмдэг, ангиллыг дийлэнхдээ европын анагаах ухааны онолын ёсоор бичиж, эмчлэх аргыг нь хятад болон уламжлалт анагаах ухааны онолд үндэслэсэн ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдээр найруулсан эмийн жор, хануур, бумба, төөнүүр зэрэг заслаар хэрхэн эмчлэхийг маш тодорхой бичжээ.

Тиймээс уг бүтээл Өрнө, Дорнын анагаах ухааныг интеграцчилан хөгжүүлэх хөрс суурь, өрнийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан гэж ялган зааглах хандлагыг өөрчлөн, нэгдсэн үзэл баримтлалаар ойлголцох, түүнийгээ сургалт, эмнэл зүйд нэвтрүүлэх, дэлгэрүүлэн хөгжүүлэх арга зүйг тэртээ 18 дугаар зууны эхэнд тавьж байсны нотолгоо болж байна. Цаашид энэхүү бүтээл нь Монголын анагаах ухааны урьдчилан сэргийлэх ухаан, эрүүл амьдрах ухааныг баяжуулан хөгжүүлэхээс гадна эмчилгээний шинэ технологи, шинэ брэнд эм, заслыг үүтгэн гаргах, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдэх мэдлэгийн арвин сан, нөөц болно гэдэгт эргэлзэхгүй байна.     

Тэртээ 18 дугаар зууны эхэн, 1723 онд манж хэлээр, гараар, ганц хувь бичсэн Европын анагаах ухааны анатомид суурилсан, өрнө, дорнын анагаах ухааны эмчилгээний аргыг багтаасан 8 дэвтэр, иж бүрэн номыг 21 дүгээр зууны эхэн үе, 2024 оны төгсгөлд монгол хэлээр анх удаагаа орчуулан хэвлүүлнэ гэдэг нэг талаас бидний зайлшгүй хийх ёстой үүрэг, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн хариуцлага, нөгөө талаас нөр их хөдөлмөрийн илэрхийлэл юм.