Японы гэмт хэргийн бүлгийн толгойлогчдын нэг Мьянмар улсаас цацраг идэвхт материал хил давуулсан гэм буруугаа хүлээснийг АНУ-ын хууль зүйн яам өчигдөр нийтэд мэдээлжээ.
60 настай Такеши Эбисава уран, зэвсгийн зориулалтаар ашиглах хэмжээний плутон зэрэг материалыг өөр улсад зарж ашиг олох зорилгоор Мьянмараас хил давуулсан юм байна.
Үүнээс гадна тэр хар тамхины наймаа, зэвсгийн худалдаа эрхэлж байснаа Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүхийн өмнө хүлээжээ.
Эбисава хил давуулсан материалаа Ираны нэг генералд зарах төлөвлөгөөтэй байсан гэнэ.
“Өнөөдөр холбооны шүүх дээр Такеши Эбисава цөмийн материал, тэр дундаа зэвсгийн чанартай плутоныг Мьянмарын хилээр гаргаснаа хүлээн зөвшөөрлөө. Үүнээс гадна тэр Мьянмарт газар-агаар ангиллын пуужин зэрэг хүнд зэвсэг нийлүүлснийхээ хариуд АНУ-ын зах зээлд их хэмжээний хероин, метамфетамин төрлийн мансууруулах бодис нэвтрүүлж, олсон ашгаа Нью-Йоркоос Токио руу шилжүүлэн угааж байснаа хүлээсэн” гэж прокурор Эдвард Ким мэдэгджээ.
Эбисавагийн төлөвлөгөөг АНУ, Индонез, Япон, Тайландын хуулийн байгууллагууд хамтран ажилласны үр дүнд илрүүлсэн юм.
Тухайлбал 2021 онд АНУ-ын Хар Тамхитай Тэмцэх алба өөрийн ажилтныг Эбисавагийн хүрээлэлд нууцаар нэвтрүүлэн мөрдөж байжээ.
Дараа жил нь тус улсын эрх баригчид Эбисаваг баривчилсан юм.
Цөмийн материалыг олон улсын зах зээлд хууль бусаар наймаалсан хэрэгт АНУ-ын хуулиар 20 жилийн хорих ял оноодог.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!