Өрнөдийн орнуудын авсан эдийн засгийн хориг арга хэмжээ 2025 онд Оросын эдийн засагт бүрэн нөлөөлсний үр дүнд Москвагийн эрх баригчид гурван жил үргэлжилсэн Украины дайныг дуусгах магадлалтайг АНУ-ын Atlantic Council стратеги судалгааны хүрээлэнгээс энэ долоо хоногт гаргасан тайланд бичжээ.
Өөрөөр хэлбэл Өрнөдийн орнуудын Оросын эсрэг авсан арга хэмжээнүүдийн нөлөө энэ онд л бүрэн хэрэгжиж эхлэх тооцоог гаргасан байна.
Оросын банкнуудыг SWIFT олон улсын төлбөр тооцооны сүлжээнээс салгах, газрын тос, байгалийн хий зэрэг гол экспортуудыг нь хориглох зэрэг арга хэмжээнүүд үүнд багтаж байгаа.
Өнгөрсөн гурван жил орчим хугацаанд Оросын эрх баригчид Өрнөдийн хориг арга хэмжээнүүд эдийн засагт нь нөлөөлөхгүй байгааг бахархалтайгаар мэдэгдэж байсан юм.
“Гурван жилийн дараа дүр зураг өөр харагдаж байна. Оросын эдийн засаг одоо л олон улсын хориг арга хэмжээний үр нөлөөг бүрэн дүүрэн мэдэрч эхэлж байна. Хэрвээ энэ нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл Украины хүчтэй эсэргүүцэлтэй хавсарснаар Кремлийн эрх баригчдыг дайнаа зогсооход хүргэнэ” гэж Atlantic Council хүрээлэнгийн судлаач Марк Темники ярьжээ.
Тэрбээр Оросын эдийн засагт ажиглагдаж буй хямралын янз бүрийн шинж тэмдгүүдийг онцлоод ийм байдалтай тус улс дайнаа удаан үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Оросын рублийн ханш дайн эхэлсэн цагаас хойш ам.доллар, еврогийн эсрэг 50 гаруй хувиар сулраад байгаа.
Өчигдөр буюу Пүрэв гарагт ам.долларын эсрэг рублийн ханш 102 орчим байсан нь Украины дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойших хугацааны хамгийн доод түвшинтэй ойролцоо хэмжээнд байлаа.
Оросын эрчим хүчний экспортын орлого 2023 онд дөрөвний нэг орчмоо алдсан бол газрын тос, байгалийн хийн орлого нь 2027 он хүртэл үргэлжлэн буурах тооцоог Кремль өөрөө гаргасныг Блүүмбэрг мэдээлж байв.
Инфляцын хэмжээ өнгөрсөн оны турш 9.5 хувьд хүрч өссөнийг Оросын төв банк мэдээлжээ.
“Путин инфляцын тухай ам нээсэн нь нэг зүйлийг хэлж байна. Оросын удирдагч нийгэмд тулгарч буй асуудлын талаар ховорхон ярьдаг. Тиймээс инфляцыг ноцтой асуудал гэж хүлээн зөвшөөрсөн нь илүү том асуудал тулгарч буйн илрэл юм” гэж Темники дүгнэж байна.
2025 онд Оросын төсөв “хэт ачааллын улмаас халж”, эдийн засаг нь Зөвлөлт маягийн зогсонги байдалд орох эрсдэлтэйг өөр бусад эдийн засагчид өмнө нь анхааруулж байсан юм.
“Путин болон Кремль эдгээр санхүүгийн бэрхшээлээ хэрхэн шийдвэрлэх арга замаа тодорхойлох хэрэгтэй болно. 2025 он Оросын эдийн засагт хүнд жил байх болов уу. Үйл явдал ямар хүрээнд өрнөхийг цаг хугацаа харуулах болно” гэж Темники хэлжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!