Энэ сард тохиох Аусшвицийн хорих газрыг чөлөөлсний 80 жилийн ойн арга хэмжээнд Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху оролцвол баривчлахгүйгээ Польш улсын ерөнхий сайд өчигдөр мэдэгджээ.
Өмнөх өдөр нь Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда засгийн газартаа хандаж, Нетаньяхугийн аюулгүй байдлыг хангахыг уриалсан тухай Блүүмбэрг мэдээлж байсан юм.
Палестины нутаг дэвсгэр Газын зурваст явуулж буй дайнтай холбоотойгоор Олон Улсын Эрүүгийн Шүүх ерөнхий сайд Нетаньяхуг баривчлах захирамж гаргаад байгаа.
“Аусшвицийн дурсгалын ойд Израилийн засгийн газрыг төлөөлөн оролцохоор ирсэн хэний ч аюулгүй байдлыг бид хангана” гэж Польшийн ерөнхий сайд Дональд Туск өчигдөр Варшав хотноо сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
Дурсгалын ойн арга хэмжээ нэгдүгээр сарын 27-ны өдөр Нацист Германы хорих газар байрлаж байсан Польшийн өмнөд нутагт зохион байгуулагдах юм.
Одоогоор уг арга хэмжээнд Нетаньяху өөрийн биеэр оролцох эсэх тодорхой болоогүй байна.
Нидерландын Хааг хотод төвтэй Олон Улсын Эрүүгийн Шүүх өнгөрсөн арваннэгдүгээр сард Нетаньяхуг баривчлах захирамж гаргасан юм. Ийм захирамж гарсан тохиолдолд тус байгууллагын гишүүн бүх улс нутаг дэвсгэрт нь ирвэл баривчлах үүрэг хүлээдэг.
2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Палестины Хамас байгууллага Израилийн нутаг дэвсгэрт халдахдаа 1,200 орчим хүний амийг хөнөөж, 250 орчим хүнийг барьцаалж байв.
Израилийн арми үүний хариуд Хамасын эсрэг дайн зарласан бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ дайны улмаас 45,500 орчим палестин хүн алагдаад байгаа.
Польш улс Олон Улсын Эрүүгийн Шүүхийн гишүүн орныхоо хувьд Нетаньяхуг баривчлах үүрэгтэй.
Харин тус улсын эрх баригчид Аусшвицийн дурсгалын арга хэмжээний ач холбогдлыг бодолцон Израилийн ерөнхий сайдыг тусгайлан харж үзэж байгаа бололтой.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!