Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө баталж байжээ. Үүнээс хойш зургаан удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд энэ сарын 8-нд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм.
Хотыг 15 жилийн хугацаанд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна гэж үзсэн байна. Ерөнхий төлөвлөгөөг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд 243 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс 123 их наяд төгрөг буюу 51%-ийг гадаад, дотоодын хувийн хэвшлийн, 120 их наяд төгрөг буюу 49%-ийг улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, бондын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тооцоолжээ.
- “20 минутын хот” үзэл баримтлалаар 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд төв байгуулна. Улаанбаатар хотын хүн ам 1.6 сая байгаа бол 2040 онд 2.1 сая болж өсөх ба үүний 405 мянган хүн амыг дагуул хотуудад суурьших тооцоололтой.
- Улаанбаатар бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.
- Ажлын байрны тоо 1.4 дахин нэмэгдэж, 193,000 ажлын байрыг шинээр бий болгоно.
- Замын сүлжээний бүтэц нь хэвтээ 8, босоо 12, тойрог гурван замын бүтэцтэй байхаар төлөвлөж, 1,738.8 км замыг шинээр байгуулж, оргил ачааллын үеийн дундаж хурд 9 км/цаг-22.5 км/цаг болж нэмэгдэнэ.
- Багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож, өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
- Улаанбаатар хотын дулааны ачаалал 3,820 МВт байгаагаас 7,480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийднэ.
- Ногоон сууц төслийн хүрээнд сайжруулсан амины орон сууц бүсэд 49.6 мянган өрхийн сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүч болон хийн түлшний системээр шийдэж, Улаанбаатар хотын гэр хорооллоос ялгарах хорт хийн ялгарлыг 0 түвшинд хүргэнэ.
- Улаанбаатар хотын иргэдийн 91% төвлөрсөн хангамжтай орон сууцанд, 9% сайжруулсан амины сууцанд амьдрахаар төлөвлөсөн.
- Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 8 ам.метрээс 35 ам.метр болгон нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчныг бүрдүүлнэ.
- Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1,169 МВт байгаа бол 2040 онд 5,408Мвт болж нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангана.
Уг төлөвлөгөөг 2017 оноос эхлэн боловсруулан иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлж 32.2 мянган иргэн санал ирүүлснээс 93 хувь нь дэмжсэн бол эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоод, 14 яам, түүний харьяа байгууллагууд, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш нарын санал зөвлөмжүүдийг тусгасан гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс танилцуулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!