Улаанбаатар хот цаашид хэрхэн хөгжих төлөвлөлтийн талаар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр танилцуулсан юм. Түүний танилцуулгаас хүргэж байна.
"Улаанбаатар хот ямар луужин барьж хөгжих талаар танилцуулъя. Олон улсад 15, 20 минутын хот гэж амьдрахад таатай, тогтвортой, хүртээмжтэй, хот байгуулалтын бүсчлэлийг бий болгосон байхаас гадна гол зорилго нь иргэдийн автомашины хэрэглээг бууруулж, өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээг нийтийн тээвэр, богино хугацаанд алхах, унадаг дугуйгаар явж авах нөхцөлийг бүрдүүлсэн хотыг хэлдэг.
Амьдрахад таатай орчин бүрдэж байж алхахад таатай орчин бүрдэх юм. Шведэд авто зам нь явган хүний хөдөлгөөнийг хязгаарладгийг харуулжээ. 20 минутын хот нь иргэнд явах явах орчныг бүрдүүлэх юм байна. Явган алхахад таргалалт буурах, замын түгжрэл багасах, авто тээврийн осол 50%, худалдаа үйлчилгээний орлого 80% өсдөгийг харуулсан олон улсын судалгаа байдаг.
20 минутын хот төлөвлөлтийг анх Францын эрдэмтэн гаргажээ. Боловсрол, эрүүл мэнд, оршин суух таатай орчин, худалдаа үйлчилгээ, амралт чөлөөт цаг, ажлын байр гэсэн зургаан функц амьдрахад таатай хотын бий болгодог гэж тодорхойлжээ. Сөүл, Сингапур, Мельбурн, Осло, Канад, Франц, Портланд нь 20 минутын төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тэргүүлэх улс, хот юм.
Портланд хотын жишээ:
Осло хот манай улстай адил хүйтэн орон. Тэд явган явах боломжийг сонирхолтой байдлаар өдөөж, бизнесүүдийг хөгжүүлснээр алхах боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр гудамжны соёл хөгжсөн байна.
Тус хотод худалдаа үйлчилгээний газрууд нь машингүй, явган хүн шууд орох боломжийг бүрдүүлжээ. Халаалттай, нөмөртэй явган замуудыг төлөвлөж, дэлгүүрүүдийг олон гарцтай хийсэн нь өвөл алхах боломжийг бүрдүүлснээр орлого нь нэмэгджээ.
Дэлхийн хотуудыг 20 минутын хот болж чадаж буй эсэхийг хэмждэг whatif.sonycsl.it сайтад Улаанбаатар хотыг төвийн хэсгээрээ 20 минутын хот байж чадаж байгаа бол Сонгинохайрхан, Амгалан зэрэг захын хэсгийн иргэд 20 минутын хотод амьдарч чадахгүй байгааг харуулжээ.
Иргэдээс 20 минутын хугацаанд авахыг хүссэн үйлчилгээ юу болох талаар судалгаа авахад тоглоомын талбай, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн, ахуйн үйлчилгээний газруудыг чухалчилсан байна. Судалгаа үргэлжилж байгаа. Харин Лондон хотод автобусны буудал, шуудангийн хайрцаг, эмийн санг илүүтэйд үзжээ.
Судалгаанд үндэслэж одоогийн хүртээмж ямар байгааг харьцуулж үзэхэд цэцэрлэг, сургууль, эмнэлэг байх ёстой нормоосоо хоёр дахин бага байна.
72 дугаар тогтоолоор нийслэл хот 14 хоттой болсон. Нэг хүнд 35м.кв ногоон байгууламж ногдох ёстой юм байна. Улаанбаатарын 14 хотын Амгалан, Баянзүрх, Яармаг, Хан-Уулаас бусад нь хангахгүй буюу нэг хүнд 5м.кв ногоон байгууламж оногдож байна. Үүнийг нэмэгдүүлнэ.
Инженерийн дэд бүтцийн үнэлгээ тав байх ёстой байдаг. Үүнийг 14 хот бүрээр хэмжихэд Сүхбаатар, Баянзүрх, Өнөр хороолол дунджаар 4.2 үнэлгээ буюу тохиромжтойд нь орсон бол Сонгинохайрхан, Амгалан зэрэг захын хотууд тохиромжгүй үнэлгээтэй. Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн үнэлгээ 2.6.
Энэ онд багтааж 2040 хотын төлөвлөлтийг УИХ-д өргөн барина. 2017 оноос суурь судалгаа хийгдэж эхэлсэн боловч 2020 онд батлагдаагүй, удаашралтай байгаа юм.
2040 онд Улаанбаатар хот 2.2 сая хүн амтай, зүүн, баруун, өмнөд, зүүн өмнө гэсэн дөрвөн бүстэй болно.
Орон нутгийн зэрэглэлтэй 14, дагуул дөрвөн хоттой болох төлөвлөлт гарсан. Шинэ Зуун мод, Агро сити, Шарга морьт, Багахангай гэсэн дагуул хоттой байхаар төлөвлөгдсөн. Агро сити хот нь хүнсний аж ахуй буюу эдийн засгийн чөлөөт бүс болно. Налайх, Багануур улсын зэрэгтэй хотод багтсан.
Эдийн засгийн чөлөөт бүс болон тусгай хоёр бүстэй байна.
2024 онд авто замын ачаалал их буюу 1.4 байгааг 2040 онд 0.8-д хүргэнэ. Нэг буюу нэгээс доош байвал замын ачаалал хэвийн хэмжүүртэй.
Ерөнхий төлөвлөгөөгөөр 2040 онд дөрвөн зэрэглэлийн замтай байна" гэж танилцуулав.
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 14 хот байгуулах шийдвэр хэрэгжих аж.
"Энэ оны 12 дугаар сарын 15-нд унадаг дугуй, нийтийн тээврээр явдаг, явган алхдаг экомобилити хүмүүсийг мөнгөөр урамшуулах зэрэг бүх системийн нээлтийг хийнэ" гэдгээ хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!