ФОТО: Монголын Хөлбөмбөгийн Холбоонд шаардлага хүргүүлсэн Техникийн хэлтсийн гурван хүнийг ажлаас халжээ
Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал өнөөдөр боллоо. Хурлаар тус холбооны Ерөнхийлөгч М.Болд дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Тодруулбал
- Ерөнхий нарийн бичгийн даргын газрын бүтэц батлах
- Техникийн хэлтсийн төсөл, хөтөлбөрийн тайлан сонсох
- Алтан бөмбөг 2024 болон холбооны 65 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн шийдвэрийг батлахаар цугларсан.
Энэ үеэр Техникийн хэлтсийн ажилтнууд болон зарим тамирчид эсэргүүцлээ илэрхийлэн, Зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад "Үүсээд байгаа нөхцөл байдал нь байгууллагын дотоод үйл ажиллагаанаас хэтэрч, Монголын хөлбөмбөг дампуурлын ирмэгт тулаад байхад МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд нь асуудлыг шалгахын оронд үл тоомсорлож, холбогдох удирдлагын албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх бус өмгөөлж, асуудлыг намжаах, нуун дарагдуулах гэсэн оролдлого хийж, байдлыг улам хүндрүүлж байна.
Иймээс МХБХ-ны дүрмийн заалтыг үндэслэн Зөвлөл бүрэн эрхийн хүрээнд ээлжит бус Их Хурлыг яаралтай зарлаж, үүсээд байгаа асуудлыг шийдвэрлүүлэхийг шаардаж байна" гэв.
Харин холбооны удирдлагын зүгээс Техникийн хэлтсийн гурван ажилтныг ёсзүйн алдаа гаргасан үндэслэлээр ажлаас халах тушаал гаргаснаа танилцуулж, "бэлэг" барьсан юм.
Холбооны удирдлагууд энэ үеэр зарим төслийн мөнгө алга болсныг хүлээн зөвшөөрсөн ч шалтгааныг нь тайлбарлаж чадсангүй.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


