Дэвшилтэт үзэл санаа, энгийн даруу амьдралаараа дэлхий дахинд алдаршиж байсан Уругвай улсын ерөнхийлөгч асан Хосе Мухика улаан хоолойн хорт хавдар нь хүндэрсний улмаас цаашид эмчилгээ хийлгэхээс татгалзаж байгаагаа мэдээлжээ.
Саяхан тэр долоо хоног тутмын “Busqueda” сонинд амьдралынхаа “сүүлчийн” гэж тодорхойлсон ярилцлагаа өгсөн байна.
“Үнэнийг хэлэхэд би үхэж байна. Би одоо ганцаараа баймаар байна. Надаас дахин ярилцлага бүү аваарай. Миний амьдрал дуусаж байна” гэж ярихдаа тэр нүдэндээ нулимстай байсныг сонинд бичжээ.
Партизан асан Мухика 2010-2015 оны хооронд Өмнөд Америкийн Уругвай улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Тэрбээр өмнө нь Кубын хувьсгалаас урам зориг авсан Тупамарос нэртэй Марксист зэвсэгт бүлгийн толгойлогч байжээ.
Гэхдээ тэр Уругвайн 40 дэх ерөнхийлөгч болохдоо улс орноо Латин Америкийн хамгийн эрүүл, эрх чөлөөт нийгэмтэй улсуудын нэг болгон өөрчилсөн юм.
Тухайлбал түүний засаглалын жилүүдэд үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрч, эмчилгээний бус зорилгоор марихуан хэрэглэх эрхийг хуульчилж байжээ.
Мухика ерөнхийлөгчийн ордноос татгалзаж, хөдөөгийн жижиг байшинд амьдарч, цалингийнхаа ихэнх хэсгийг буяны санд хандивладаг байв.
89 настай Мухика өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анх хорт хавдартай болсноо зарлаж байжээ. Хими эмчилгээ хийлгэсний эцэст хоолойн хорт хавдар нь арилсныг эмч нар есдүгээр сард мэдэгдэж байв.
Гэвч Мухикагийн бие энэ эмчилгээний дараа маш их суларч, хоол идэх ч чадваргүй болж байжээ.
Саяын ярилцлагадаа тэр хорт хавдар элгэнд нь тархсан, бусад архаг хууч өвчнүүд нь сэдэрсэн тул эмчилгээг зогсоох шийдвэр гаргаснаа тайлбарласан байна.
“Би хөгшин хүн, архаг хууч өвчтэй хүн тул үүнийг даван туулж чадахгүй” гэж Мухика ярьжээ.
Мухика 2020 онд улс төрөөс зодог тайлсан ч “Өргөн Фронт” зүүний улс төрийн эвсэлдээ нөлөө бүхий хүн хэвээр үлдсэн юм.
Арваннэгдүгээр сард түүний дэмжсэн нэр дэвшигч Яманду Орси ерөнхийлөгчийн сонгуульд ялж, гуравдугаар сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох гэж байна.
“Би эх орон нэгтнүүддээ баяртай гэж хэлмээр байна. Амьдрал бол гайхалтай сайхан аялал юм. Бид аз жаргалд бус эд баялагт хэт их анхаардаг. Бид өөр зүйлд анхаарлаа хандуулж байх хооронд амьдрал өнгөрчихсөн байдаг” гэж Мухика сүүлчийн ярилцлагадаа өгүүлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!