Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нэр бүхий иргэд байгууллагаас жолоочийн даатгалын хураамжийн нэмэгдэлтэй холбоотой гомдлууд миний нэр дээр хандаж гаргасан.
Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр гэх аргачлалыг санхүүгийн зохицуулах хорооноос батлуулж нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр манай яаманд арваннэгдүгээр сард ирүүлсэн.
Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлэх ёстой материал дотор нөлөөллийн мэдүүлгийг бодит байдал дээр нийцэхгүйгээр ирүүлсэн байна. Бид шалгаж үзсэн. Энэхүү итгэлцүүрээс болж жолоочийн хариуцлагын даатгалын хэмжээ 700 мянган төгрөг хүртэл эрс нэмэгдэж байна.
Гэхдээ анхаарууштай зүйл нь Үндсэн хуульд заасан хүнийг нас хүйс, хөрөнгө чинээ, нийгмийн гарлаар ялгаварлахгүй гэх үндсэн зарчмыг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 18-25 насны иргэд нэг өөр тарифаар, 61-ээс дээш насны иргэд дахин өөр тарифаар даатгалд хамрагдаж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Тиймээс 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд дээрх шийдвэрийг улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооны жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн итгэлцүүрийг баталсан шийдвэр өчигдрөөс хэрэгжих бололцоогүй боллоо.
Нэгэнт шийдвэр хүчингүй болсон учраас нэгдүгээр сарын 9-ний өдөр хүртэл шинэчилсэн итгэлцүүрээр жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан хүмүүс мөнгөө эргэж нэхэмжлэх эрхтэй. Даатгалын компаниуд авсан мөнгөө буцааж төлөх үүрэг хүлээнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!