Уншиж байна ...
Зураг
Зураг

Ж.Батжаргал: Нийслэлд жолоочийн хариуцлагын даатгал 0.2 пунктээр нэмэгдсэн. Хариуцлагагүй жолооч нар илүү их төлнө

Б.Бадамгарав, IKon.mn
7 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж өндөр хувиар нэмэгдсэн гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар Монголын Даатгалын Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Батжаргалаас тодрууллаа. 

- Жолоочийн хариуцлагын даатгал хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

- Олон нийтийн сүлжээгээр явж байгаа шиг даатгал 700,000 төгрөг болсон мэтээр ойлгож болохгүй. Жолооч бүр өөрийн зан төлөв, жолоо барих туршлагатай, эзэмшдэг тээврийн хэрэгсэл нь ялгаатай.

700,000 төгрөг гэдэг нь C, D ангиллын тээврийн хэрэгслийнх. Нүүрсний эсвэл олон хүн тээвэрлэдэг зорчигч тээврийн автобус, хуулийн этгээдэд бүртгэлтэй, өмнөх гэрээний хугацаанд зам тээврийн осолд холбогдсон болон даатгалын гэрээн дээр жолоочийн нэр заахгүй хязгааргүй гэх хамгийн өндөр утгыг авахаар ийм дүн гарах магадлалтай.

Иргэн хүн дээр авч үзвэл, тухайлбал би өөрөөрөө бодож үзье. Миний тээврийн хэрэгсэл В ангиллынх, хөдөлгүүрийн багтаамж 2,000, туршлага 15 жилээс дээш, гэр бүлийн 2-4 хүн жолоо барина гэж нэр нь дурдагдаад, өмнөх гэрээний хугацаанд зам тээврийн осол гаргаагүй байхад 55,000 төгрөг болж байгаа. 

Энэ жилийн тухайд Улаанбаатар хотын жолоочийн хариуцлагын даатгал 0.2 пунктээр нэмэгдсэн. Хариуцлага алдаж буй жолооч нарыг хариуцлагажуулах, илүү өндөр хураамж төлөх хариуцлагын механизм ажиллаж байна.

Нэгдүгээрт нийслэлд зам тээврийн ослын 90 гаруй хувь нь бүртгэгдэж байгаа, хоёрдугаарт даатгалын хохирлын хэмжээ бараг хоёр дахин нэмэгдсэн. КОВИД-19-ийн өмнө хохирлын хэмжээ 600-700 мянган төгрөг байсан бол одоо 1.2 сая төгрөг болсон. Учир нь сэлбэг хэрэгслийн үнэ өссөөр байгаа. Приус 30 машины гупер гэхэд гурав дахин үнэтэй болсон. 

Хохирлын хэмжээ нэмэгдээд байхаар бидний сангийн багтаамж дүүрчхээд байгаа юм. Бид 100 төгрөгийн хураамжийн орлого олоод, 105 төгрөгийн хохирол төлж байгаа гэсэн үг.

Түүнчлэн хариуцлагагүй жолоочид илүү хариуцлага үүрүүлэх, хариуцлагатай жолоочоо хамгаалах зохицуулалт орж ирсэн.

- Осол, зөрчил их гаргадаг жолооч нар илүү их төлдөг болж байгаа байх нь?

- Есөн итгэлцүүр бий. Хүн бүрд тооцохоор өөр өөр гарна.

- Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч өөрөөсөө гадна гэр бүлийн гэх мэтчилэн ойрын хүмүүсээ нэмүүлэхэд төлөх хураамж хэрхэн өөрчлөгдөх вэ?

- Өмнө нь хоёр сонголттой байсан. Өмчлөгч, түүн дээр нэмэх дөрвөн жолооч гэдэг байсан бол энэ жилээс шинэчлэгдсэн. 

  1. Өмчлөгч өөрөөсөө гадна нэг жолоочийн нэр дурдаж болно. 
  2. 2-4 жолоочийн нэр дурдаж болно.
  3. Тав болон түүнээс дээш жолоочийн нэр дурдаж болно.
  4. Хязгааргүй буюу тухайн тээврийн хэрэгслийг хэн ч жолоодож болно. Иймд энэ төрөл өндөр утга болчхоод байгаа юм.

- Даатгалын хураамж жил ирэх тусам тогтмол нэмэгддэг үү?

- Жолооч нар осол, зөрчил гаргахгүй замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцвол даатгалын хураамж буурах зохицуулалттай. Жил бүр 5%-аар буурах боломжтой. Энэ жилээс нэмэлт нэг зохицуулалт орж ирсэн. 

Тэр  нь зам тээврийн ослын ноцтой дөрвөн төрөл буюу

  1. Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан бол
  2. Хурд хэтрүүлсэн үедээ зам тээврийн осол гаргасан бол
  3. Тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио, зохицуулагчийн заавар зөрчиж зам тээврийн осол гаргасан бол
  4. Урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан бол нэмэгдүүлж хариуцлага тооцно. Тодруулбал 0.4 пункт буюу 40 хувь нэмэгдүүлнэ. 

Хариуцлагагүй жолооч нарыг хариуцлагажуулах хөшүүрэг хийгдэж байгаа. Хариуцлагатай байвал зам тээврийн ослоос шалтгаалан хүний амь нас, эрүүл мэндийн хохирол багасна. Эд хөрөнгийн хохирол ч буурна. Даатгуулагчийн хувьд жил тутамд хураамж нь буурна гэсэн үг. 

- Өнгөрсөн онд хэдэн төгрөгийн хохирлыг барагдуулсан бэ?

- Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 25,000 даатгалын 36 орчим тэрбум төгрөгийн хохирол төлөгдсөн

Хүмүүс хураамжийн орлогоос нөхөн төлбөрийг хасаж үзээд ашигтай ажиллаж байна гэж ойлгоод байдаг. Гэтэл энд үйл ажиллагааны зардал, ашигт ажиллагаа гэж хоёр том коэффициентийг хаячхаад байгаа юм. Даатгалын салбар жолоочийн даатгал дээр ашиггүй ажилладаг. Одоогоор хохирол нь давчхаад байгаа. Иймд зам тээврийн ослыг бууруулж, алдагдалгүй байхад үйл ажиллагаагаа чиглүүлж байна.