23 дахь жилдээ зохиогдох гэж буй плэйтайм наадам энэ жил тайз, дуугаралтын чанартаа шинэчлэл хийхээс гадна олон улсын жишигт нийцсэн тасалбарын шинэлэг технологийг нэвтрүүлэхээр болжээ. Энэ талаар болон бусад мэдээллийг хүргэхээр наадмын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Наадмын тайз, дуугаралтын чанарт шинэчлэлт хийх зорилгоор энэ жил Европын нэр хүндтэй фестивалиудад олон жил ажилласан туршлагатай Нидерланд улсын мэргэжлийн дууны системийн инженертэй хамтарч ажиллахаар болсон байна. Ингэснээр тайз хоорондын дууны давхцал, чимээний бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын стандарт нэвтэрч байгаагаараа онцлог болох аж.
Энэ жил үзэгчдийн аюулгүй, түргэн нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн тасалбар баталгаажуулалтын системийг нэвтрүүлж байгаа ба энэхүү систем нь хуурамч тасалбарын эрсдэлийг бууруулж, үзэгчдийн мэдээллийн нууцлалыг найдвартай хамгаална гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Тодруулбал тасалбар худалдан авах үед мэдээлэл баталгаажуулах QR код болон тасалбар идэвхжүүлэх линк ирэх ба тусгай идэвхжүүлэх кодоо оруулаад хувийн мэдээллээ бөглөн баталгаажуулах юм байна. Улмаар баталгаажуулсан QR код үүсэж фестивальд нэвтрэх үед QR-н дагуу хувийн мэдээллээ шалгуулан орох аж.
Үүний үр дүнд тасалбарын залилан байхгүй болох давуу талтайгаас гадна идэвхэжсэн QR кодоо хүнд дамжуулж болох боломжтой болж байгаа юм байна.
Түүнчлэн энэ жил "Cashless" төлбөрийн тогтолцоо буюу фестивалийн үеэр үзэгчид бүх төлбөр тооцоогоо карт, бэлэн мөнгөөр биш NFC технологит бугуйвчаараа хийх боломжтой болж байгаа юм байна.
Уг системийн үр дүнд хүмүүс ямар хоол, уух зүйлсийг түлхүү авч байна зэрэг дараа жилүүдэд сайжруулж болох дата цугларахаас гадна түргэн, хялбар аюулгүй гүйлгээ хийх боломж бүрдэж байгаа аж.
Мөн борлуулалт хийж буй байгууллагууд түрээсээр бус олсон орлогынхоо хэмжээгээр мөнгө төлөх боломжтой болжээ.
Плэйтайм фестиваль нь альтернатив инди рок болон электроник хөгжмийн хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог юм. Энэ жил дэлхийн underground electronic-н томоохон төлөөлөгчид ирэхээс гадна Ази, Америк, Европоос амьд хөгжмийн тэргүүлэх хамтлагууд ирэх аж.
Плэйтайм фестиваль нь олонд танигдсан уран бүтээлчдээс илүү маш чанартай дуу хөгжмийг хүргэдэг уран бүтээлчдийг оролцуулдаг учир энэ жил ч мөн адил өндөр чанартай хөгжмийн хөтөлбөртэй байна. Учир нь фестивалийн гол зорилго нь хөгжим мөнгө бол хоёрдогч гэдгийг онцлов.
Түүнчлэн Налайх дүүрэг дэх "Плэйтайм хүрээлэн рүү нийслэлээс энэ жил засмал зам болон эрчим хүчний холболт хийж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!