Энхтайвны өргөн чөлөөний явган хүний замыг боржин чулуугаар шинэчилж байгаа компаниудад шалгалт хийж эхэлжээ.
Энэ тухай Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын/НХШГ/ авто замын улсын байцаагч И.Ариунболд "Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэл, орон нутаг, замын сангийн хөрөнгөөр хийж байгаа авто зам, замын байгууламжийн угсралтын ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхэлсэн. Улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна" гэв.
"Сант-Өндөр" компанийн талбайн инженер н.Батдэлгэр "Манай компани 40 дүгээр байршил буюу Мөнгөн завъяа орчмын автобусны буудлын явган хүний замын хуучин хавтанг хэсэгчлэн хааж хуулан боржин чулууг суулгах юм.
Тендерийн шаардлагын дагуу явган хүний замыг 600х300х400 хэмжээтэй байгалийн боржин чулуун болгох ажлыг гүйцэтгэхдээ хэсэгчлэн хийж, явган хүн зорчиход саад болохгүйг хичээж байна.
Мөн цахилгаан, холбооны кабелийг газар доогуур хийх зэрэг бүтээн байгуулалт давхар хийгдэж байна" гэж ярилаа.
Мөнгөн завъяагийн автобусны буудлыг хажуугийн зогсоолгүй болгосон талбайд боржин чулууг суурилуулж эхэлжээ.
Энхтайвны өргөн чөлөөний явган хүний замыг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд гэрэлтүүлэгтэй хамгаалалтын хашаа хийх, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ тавих, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, явган явж байгаа иргэдийн замд шороо асгахгүй байх, иргэдийг аюулгүй зорчуулах нөхцөлийг хангахыг НХШГ-аас зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!