Өмнөд Солонгосын K-поп урлагийг дэлхийд таниулсан BTS хамтлагийн хоёр гишүүн өчигдөр цэргийн хугацаат албаа хааж дуусгажээ.
RM, V нарыг цэргийн хуарангаас гарч ирэхэд шүтэн бишрэгчид нь баяр хөөртэй тосож авсан байна.
Хамтлаг нь дахин нэгдэхэд “дахиад хэсэгхэн хугацаанд хүлээх” шаардлагатайг V энэ үеэр фэнүүддээ хэлсэн юм.
Энэ сарын сүүлч гэхэд BTS хамтлагийн бүх долоон гишүүн хугацаат цэргийн албаа хааж дуусгана.
Тус хамтлаг дахин нэгдэж, уран бүтээлийн замдаа орж магадгүй байгааг Hybe агентлаг өмнө нь мэдэгдэж байв.
Хойд хөрштэйгөө дайны байдалд оршдог Өмнөд Солонгос улсад эрүүл мэндийн шаардлага хангасан эрэгтэй хүн бүр 18-28 насандаа хугацаат цэргийн алба хаах үүрэгтэй байдаг.
Энэ хуулийн дагуу 2022 онд BTS хамтлагийн уран бүтээл түр хугацаанд завсарлаж, гишүүд нь цэргийн албаа хааж эхэлсэн юм.
Өчигдөр Сөүл хотын төвд оршдог Hybe агентлагийн байрны гадна олон зуун шүтэн бишрэгч цугларч, RM, V нарын буцаж ирснийг тэмдэглэсэн байна.
Тэдний зарим нь энэ арга хэмжээнд оролцохын тулд гадаадаас ирсэн байжээ.
2022 онд BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Jin цэрэгт татагдсаны дараа бусад гишүүд дараалан үүрэгт албаа хааж эхэлсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!